Бид энэ удаад Монголын финтекийн салбарын оролцогч нарын дуу хоолой болж, тэдгээрийн эрх ашиг, хамтын ажиллагааны түншлэлийн гүүр болсон Монголын финтекийн холбооны Гүйцэтгэх захирал М.Бямбасүрэнтэй ярилцлаа.
- Сайн байна уу, Монголын финтекийн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн тодорхойлох вэ? Энэ талаар манай уншигч нарт мэдээлэл өгөхгүй юу?
- Монголын финтекийн зах зээл маш хурдацтайгаар хөгжиж байна. Өнөөдөр финтек компаниуд зөвхөн хэрэглэгчийн өдөр тутмын хэрэгцээг хангахаас гадна санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зах зээлийн уламжлалт сэтгэлгээг өөрчлөхөд чухал хувь нэмэр оруулсан. Өнөөдрийн байдлаар финтекүүд зөвхөн дотооддоо төдийгүй олон улсын зах зээл рүү чиглэсэн бүтээгдэхүүнээ гаргаж, хөрөнгө оруулалт татах, инновац хийх тал дээр илүү зорилттой ажиллаж байна.
- Дотоодын финтек компаниудын хамгийн том давуу тал болон сорилт нь юу вэ?
- Давуу тал мэдээж олон бий. Хамгийн энгийнээр манай финтекүүд технологийн шинэчлэлийг хурдан нэвтрүүлж, хэрэглэгчдэд зардал багатай, хүртээмжтэй, тэдний хүсэл сонирхолд нийцэхүйц үйлчилгээ санал болгож чаддаг. Харин сорилт талаасаа чадварлаг хүний нөөцийн дутагдал, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн хомсдол байна. Жижиг, дунд финтекүүд өндөр цалин амлаж чадахгүй учраас авьяаслаг боловсон хүчнээ тогтоон барихад хүндрэлтэй байгаа нь томоохон сорилт юм. Түүнчлэн хөрөнгө оруулалт татах нөхцөл байдал дэлхийн зах зээл дээр төвөгтэй болж, финтекийн компаниуд ашигт ажиллагаандаа илүү төвлөрөх шаардлагатай болж байна.
- Олон улсын чиг хандлага манай финтекүүдэд хэрхэн нөлөөлж байна вэ?
- Дэлхийн финтекүүд сүүлийн жилүүдэд хэрэглэгчээ тогтвортой хадгалах, нээлттэй банк, API интеграцчилал, хиймэл оюун (AI), блокчейн зэрэг технологид түлхүү анхаарч байна. Энэ нь Монголд ч мөн адил нөлөөлж байгаа. Манай компаниуд AI, машин сургалт, биометрик зэрэг шийдлийг нэвтрүүлэх сонирхол өндөртэй байгаа бөгөөд энэ чиглэлээр хөрөнгө оруулах эрэлт их байгаа. Мөн хэрэглэгчийн дата, өгөгдөлд суурилсан шинэ төрлийн үйлчилгээ санал болгох, супер апп хөгжүүлэх зэрэг дэлхийн жишиг шийдлүүд манай компаниудын үйл ажиллагаанд нэвтрээд эхэлсэн.
- Хууль эрх зүйн орчин, зохицуулагч байгууллагын шаардлага хэрхэн өөрчлөгдөж байгаа вэ?
- Зохицуулагч байгууллагуудын хувьд өмнө нь технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж буй бизнес эрхлэгчдийг дэмжих, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч байсан бол, 2025 оны эхэн үеэс финтекүүдэд тэр дундаа ББСБ үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад зохицуулагч байгууллагын журмын хатуу шаардлагууд тавигдаж эхэлсэн. Энэ нь нэг талаас компаниуд илүү өндөр шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулах хэрэгтэй болж байгаа бол нөгөө талаас энэ нь бизнесийн орчны өрсөлдөөнийг хязгаарлаж байгаа хэрэг.
- Танай холбоо өнгөрсөн онд өөрсдийн гишүүн байгууллагын дунд судалгаа хийсэн байсан. Судалгаагаар финтек компаниудын ашигт ажиллагаа нэмэгдсэн гэж дурдсан байна. Энэ өсөлтийн шалтгааныг та юу гэж харж байгаа вэ?
- 2024 онд судалгаанд хамрагдсан финтекүүдийн 88% нь ашигтай ажилласан. Үүнд хоёр хүчин зүйл голлон нөлөөлсөн: эхнийх нь эх үүсвэр болон зээлийн багцын өсөлт, хоёр дахь нь хэрэглэгчийн тоо, идэвхжил нэмэгдсэн явдал. Үйл ажиллагаа өргөжихийн хэрээр технологийн зардал ч өсөж байгаа ч энэ нь урт хугацаандаа салбарын хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа.
- Тэгвэл энэ салбарын хөрөнгө оруулалтын орчинд ямар өөрчлөлт ажиглагдаж байна вэ?
- 2017 оноос эхлэн манай финтекүүд хөрөнгийн зах зээлээс хувьцаа гаргаж, хөрөнгө босгож эхэлсэн бол одоо аль хэдийн 8 компани нийт 41.9 тэрбум төгрөгийн хөрөнгө босгосон нь томоохон дэвшил. Гэхдээ сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдал, хөрөнгө оруулагчдын болгоомжлол нэмэгдсэнтэй холбоотойгоор хөрөнгө татах нь илүү төвөгтэй болж байгаа. Тиймээс ашигт ажиллагаа, тогтвортой бизнес модел дээр илүү анхаарах хэрэгтэй болж байгаа.
- Ирэх жилүүдэд Монголын финтекийн салбарын хөгжлийг та хэрхэн харж байна вэ?
- Санхүүгийн хүртээмжийг улам сайжруулах, олон улсын зах зээлд гарах болон хөрөнгө оруулалтын урсгалыг татахад чиглэсэн алхмууд түлхүү хийгдэнэ гэж бодож байна. Мөн тогтвортой хөгжил, нийгмийн сайн сайхны төлөөх үйлчилгээг хөгжүүлэх нь салбарын гол чиг хандлага болох байх. Тэр ч утгаараа энэ жил манай холбоо жил бүр уламжлал болгох зохион байгуулдаг Frontier Fintech Summit-2025 чуулга уулзалтыг ‘Fintech for People and Planet’ буюу “Эх дэлхийд ээлтэй финтек” гэсэн сэдвийн дор энэ жил 9-р сарын 19-нд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.
- Frontier Fintech Summit 2025-ийн ач холбогдлыг та онцолж хэлээч.
- Тэгэлгүй яах вэ. Энэ бол Монголын финтекийн салбарын цорын ганц, хамгийн том арга хэмжээ бөгөөд дотоодын болон гадаадын зочид төлөөлөгчид, салбарын экспертүүд, зохицуулагч байгууллагын төлөөлөл нэг дор цугларч сорилт, бэрхшээл, шийдлээ хэлэлцдэг онцлогтой.
Энэ удаа бид инновацаар хөтлөгдөх санхүүгийн үйлчилгээний ирээдүйн чиг хандлага, олон улсын хамтын ажиллагаа, финтек дэх хиймэл оюуны зохицуулалт зэрэг технологиор дамжуулан санхүүгийн салбарыг тодорхойлох талаар сонирхолтой илтгэл, хэлэлцүүлгийг өрнүүлэхээр бэлтгэж байна. Финтек салбарын оролцогч нарын, магадгүй тус салбарыг сонирхогч хэн бүхэн зайлшгүй оролцож, хоорондоо танилцаж бизнесийн ноу хау, туршлагаа хуваалцах өдөр гэж бодож байна.
- Баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!