Умард Солонгосын дэглэм 1948 онд үүсэн байгуулагдсанаасаа хойш анх удаагаа хилийн чанадад илгээсэн цэргүүдийнхээ хохирлыг ил тод хүлээн зөвшөөрчээ.
Өнгөрсөн Баасан гарагт тус улсын төв хэвлэл Украины эсрэг байлдааны ажиллагаанд амь үрэгдсэн цэргүүдийнхээ дурсгалыг хүндэтгэж буй Ким Жон Уныг өдөржин харуулсан юм.
Энэ үеэр тэр амь үрэгдсэн 101 цэргийн хөрөг байрлуулсан самбарын өмнө хүндэтгэл үзүүлж, амьд буцаж ирсэн цэргүүдийг болон тэдний хүүхдүүдийг тэвэрч, нулимсаа арчиж байв.
Хэдийгээр 101 хөрөг байрлуулсан ч Умард Солонгосын хэвлэлүүд хохирлын тоог тодорхой мэдээлээгүй байна.
Ким Жон Ун энэ үеэр дайсанд олзлогдохын оронд амиа хорлосон цэргүүдийнхээ “ёс суртахуун”-ыг магтан сайшаажээ.
“Тэд ул мөрөө үлдээлгүй өөрийгөө дэлбэлэх замыг сонгохдоо огт эргэлзсэнгүй. Манай эрэлхэг офицерууд урагш давшиж, амиа золиослохдоо гайхалтай нэр төртэй төгсгөлийг угтан авсан юм” гэж тэр хэлснийг хэвлэлүүд мэдээлсэн байна.
Пёняны дэглэм гадаадад явуулсан цэргийн ажиллагааныхаа хохирлын талаар нууцалсаар ирсэн түүхтэй. Тухайлбал Вьетнамын дайны үеэр Ханойд буулгасан агаарын цэргийн ангиуд нь ямар хэмжээний хохирол амссан талаар ямар ч мэдээлэл гаргаж байгаагүй.
Харин ОХУ-ын талд Украины эсрэг байлдуулахаар илгээсэн цэргүүдийнхээ дурсгалыг хүндэтгэх ийм арга хэмжээ зохион байгуулсан нь нийгмийн бухимдлыг дарж, зэвсэгт хүчнийхээ ёс суртахууныг өргөх гэсэн тооцоотой үйлдэл гэж ажиглагчид үзэж байна.
“Тэр хүмүүсийн амь амьдралд санаа зовдог, халамжтай удирдагчийн дүр харуулахыг зорьж байна. Ким өөрийн нулимс асгаруулж буй сэтгэл хөдөлгөм дүрсийг үзүүлснээрээ олон нийтийн дургүйцлийг саармагжуулж, цэргүүдийнхээ ёс суртахууныг өргөхийг хичээж байгаа бололтой” гэж Умард Солонгос Судлалын Их сургуулийн ерөнхийлөгч Ян Мүү Жин тайлбарлажээ.
Өмнөд Солонгосын тагнуулын албаны тооцоолсноор Умард Солонгосын 11,000 гаруй цэрэг Украины дайнд оролцсон гэдэг.
Өнгөрсөн сард Умард Солонгосоос нэг сая их бууны сумыг ОХУ-д нийлүүлснээр дайн эхэлснээс хойш нийлүүлсэн сум хэрэгслийн нийт тоо 12 саяд хүрснийг Өмнөд Солонгосын парламентад Баасан гарагт танилцуулсан тайланд дурдсан байна.
Үүнээс гадна Умард Солонгосын амь үрэгдсэн цэргийн тоо хамгийн багадаа 600 хүрч, 4,000 орчим цэрэг шархадсан тухай Өмнөд Солонгосын тагнуулын алба мэдээлжээ.
Ар гэрийнхэн нь хүүхдээ дайнд явсныг шарилын чандар хүлээж авахдаа л мэддэг байсан гэж Ян Мүү Жин ярьж байна.
Тиймээс нийгмийн бухимдал дургүйцлийг намжаах нь Ким Жон Уны гол зорилт болоод байгаа гэж тэр дүгнэжээ.
Умард Солонгосын дэглэм ийм суртал нэвтрүүлгийн ажилд нэлээд анхаарал тавьсан нь Баасан гарагийн үйл явдлаас харагдаж байна.
Тухайн өдөр Ким Жон Уны оролцсон ёслолын ажиллагааг өдөржин үзүүлснээс гадна орой нь Курскийн тулааны дүрс бичлэгүүдийг цацсан юм.
Эндээс харвал ОХУ-д илгээсэн цэргүүдийг хэвлэл мэдээллийн баг дагалдаж явсан бололтой.
Эрх баригч намын албан ёсны хэвлэл Родон Синмун энэ өдрийн дугаарынхаа хуудасны тоог зургаагаас найм болгон өргөжүүлж, таван хуудсыг нь зөвхөн энэ сэдэвт зориулжээ.
Баасан гарагийн нэвтрүүлэг Ким Жон Уны командлагч нартаа илгээсэн захидлыг үзүүлснээр өндөрлөсөн байна.
“Алс хол хүний нутагт эх орныхоо төлөө үнэнчээр тулалдаж, эр зориг гарган амиа алдсан цэрэг, офицеруудынхаа араас би дахин дахин залбирах болно. Тэдний нэр, анги, албан тушаалыг сайтар тэмдэглэж ав. Тэдний цогцсыг ямар ч саадгүйгээр сэргээн засварлаж, ялалтын дараа надад буцааж авчир” гэж Ким захидалдаа бичсэн байжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!