Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Африкийн эрх баригчид Оросын ажлын зарт хууртахгүй байхыг иргэддээ анхааруулжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед Өмнөд Африкийн онлайн орчинд залуу эмэгтэйчүүдийг Орос улсад үйлдвэрийн дадлагажигчаар ажилд орохыг уриалсан видео зар хүчтэй тархах болсон юм.

Тэгвэл өчигдөр тус улсын засгийн газар ийм зарт хууртахгүй байхыг иргэддээ анхааруулжээ.

Уг сурталчилгааг тараасан хүмүүсийн нэг гэгдэж буй сошиал инфлюнсер Сиан Бужигийн нэг видеог эрх баригчид ТикТок хуудаснаас нь устгуулаад дахин ийм агуулгатай зүйл нийтлэхгүй байхыг анхааруулсан байна.

ТикТок платформд 1.7 сая дагагчтай Бужи нь өөрөө ОХУ-ын Татарстаны эдийн засгийн тусгай бүсэд очиж, 18-22 насны бүсгүйчүүд хоёр жилийн хугацаатай дадлагажигчийн хөтөлбөрт хамрагдвал ямар орчинд ажиллаж, ямар байранд амьдрахыг видео сурталчилгаандаа харуулжээ.

Бас тэнд Африк, Ази, Латин Америкийн орнуудын охид бүсгүйчүүдэд найрсаг ханддаг, орос хэл заадаг тухай магтан ярьж байв.

Өмнөд Африкийн олон нийтийн дипломат албаны тэргүүн Клэйсон Мониела гадаадын ажлын байрны баталгаагүй саналд автахгүй байхыг X хуудсаараа анхааруулан бичжээ.

Татарстанд очсон түрүүчийн хүмүүс Украины дайнд Орос улсын ашиглаж буй зэр зэвсгийн үйлдвэрт, тухайлбал нисгэгчгүй онгоцны үйлдвэрт ажиллах болсон тухай “Global Initiative Against Transnational Organized Crime” байгууллагын тавдугаар сард гаргасан тайланд дурдсан байна.

Залуусыг “ажлын мөн чанар, орчин нөхцөл, боловсрол эзэмших боломжийн талаар худал мэдээллээр татаж, эцэст нь дроны үйлдвэрт ажилд оруулдаг” тухай дээрх тайланд бичжээ.

Эх сурвалж: BBC