Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Трамп АНУ-ын батлан хамгаалах яамны нэрийг “Дайны Яам” болгон өөрчлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын батлан хамгаалах яамны нэрийг “дайны яам” болгон өөрчлөх хүсэлтэй байгаагаа гурван ч удаа илэрхийлжээ.

1947 оныг хүртэл тус яам “Department of War” гэдэг нэртэй байсан юм.

Эхлээд Даваа гарагийн өглөө Цагаан ордонд захирамжид гарын үсэг зурж байхдаа тэр хажууд нь зогссон Пентагоны тэргүүнд “Пит, чиний Батлан хамгаалах яам гэж хэлж байгаа надад тийм ч таатай сонсогдохгүй байна. Бид яг юуг, яагаад хамгаалах ёстой юм бэ? Өмнө нь Дайны яам гэж нэрлэдэг байхад илүү хүчтэй сонсогддог байсан” гэж хэлжээ.

Дараа нь тэр тэнд байсан бусад албан тушаалтнуудад “Миний ард зогсож байгаа та нар биднийг дайнд үргэлж ялуулж байсан үеийн нэрийг өгөх санал гаргавал би дэмжихэд бэлэн” гэж хэлсэн байна.

Үүний дараа Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюнтэй зэрэгцэн суугаад сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Трамп энэ санаагаа давтан илэрхийлсэн юм.

“Миний санал болгосон Дайны Яам нэр Пит Хэгсэтэд (Пентагоны тэргүүн) их таалагдсан. Одоо Батлан Хамгаалах Яам гэж нэрлэдгийг та нар мэдэж байгаа. Гэхдээ би энэ нэрийг солих ёстой гэж бодож байна. Бид Дайны Яам нэртэй байхдаа дэлхийн нэг, хоёрдугаар дайнуудад ялж байсан түүхтэй” гэж тэр хэлжээ.

Сүүлд Афганистанаас гарах үед амиа золиослогч террористын гарт алагдсан АНУ-ын 13 цэргийн алба хаагчийн ар гэрийнхэнтэй уулзахдаа Трамп энэ санааг гурав дахиа илэрхийлсэн байна.

Сэтгүүлчид Трампаас ийм шийдвэр гаргахад Конгрессын зөвшөөрөл шаардлагатай эсэхийг асуухад “Бид үүнийг хийж чадна. Конгресс дэмжинэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Энэ нэр илүү тохиромжтой мэт надад санагдаж байна. Хамгаалах гэдэг үг хэтэрхий нэг талын утгатай. Бид хамгаалах шаардлагатай бол хамгаалж, довтлох шаардлагатай бол довтолдог байх ёстой. Тиймээс надад энэ нэр илүү таалагдаж байна” гэж хариулжээ.

 

Эх сурвалж: AFP