Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Шинээр баригдсан сургууль, цэцэрлэгүүд хэвийн үйл ажиллагаа явуулахад ₮19.3 тэрбумын ширээ сандал, тавилга, тоног төхөөрөмж шаардлагатай байна

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 8 сарын 25
IKON.MN
Зураг зураг

Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрөгч Бямба гарагт буюу наймдугаар сарын 23-ны өдөр нийслэлийн Хан Уул дүүргийн 16 дугаар хороонд баригдсан 181 дүгээр бага сургууль, 356 дугаар цэцэрлэгийн цогцолборын барилгатай танилцаж, боловсролын салбарын 2025-2026 оны хичээлийн жилийн болон намар, өвлийн бэлтгэл арга хэмжээний явцын мэдээллийг сонсжээ.

Боловсролын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд 472.7 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 328 төсөл, арга хэмжээ он дамжин хэрэгжиж байна. Үүнээс хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын 54 барилга байгууламж ондоо багтаж ашиглалтад орох бөгөөд энэ наймдугаар сарын байдлаар:

  • 3,430 хүүхдийн хүчин чадалтай 7 сургууль
  • 400 хүүхдийн хүчин чадалтай 5 цэцэрлэг
  • 280 хүүхдийн хүчин чадалтай 1 цогцолбор
  • 270 хүүхдийн хүчин чадалтай 2 дотуур байр
  • 3 спорт заал тус тус ашиглалтад ороод байна.

Үүний зэрэгцээ төсөл хөтөлбөр, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд баригдаж ашиглалтад орох хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн 45 барилга байгууламж байна. Энэ наймдугаар сарын байдлаар:

  • 550 хүүхдийн хүчин чадалтай 4 цэцэрлэг
  • 1,400 хүүхдийн хүчин чадалтай 5 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад ороод байгаа ажээ.

Дээрх барилга байгууламжуудад үйл ажиллагаа явуулах хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын сургалт, үйл ажиллагааг хэвийн явуулахад 19.3 тэрбум төгрөгийн ширээ сандал, тавилга, тоног төхөөрөмж шаардлагатай бөгөөд Ерөнхий сайд нөхцөл байдлын мэдээллийг сонсож, Боловсролын яам болон нийслэлийн удирдлагуудад хугацаатай үүрэг чиглэл өгсөн байна.

Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас холбогдох шийдвэрүүдийг гаргахаар болжээ.