Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ дахь АН-ын зарим гишүүн намын дүрмээ жирийн гишүүдээрээ хэлэлцүүлсний дараа Их хурлаа хийх санал гаргалаа

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 8 сарын 25
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ дахь Ардчилсан Намын гишүүд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл “АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал наймдугаар сарын 28-нд, Их хурлыг 30-ны өдөр зарлагдсан. Энэ хурлаар намын дүрэм, удирдлагын асуудлыг шийдвэрлэнэ гэж зарласан.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улс төрийн намын тухай хууль 2023 онд, Улс төрийн намын хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль энэ онд тус тус батлагдсан. Журмын тухай хуулийн хоёрдугаар зүйлд “Улс төрийн намууд дүрмээ энэхүү хуульд нийцүүлэн шинэчлэн баталж, Улсын дээд шүүхэд хүргүүлнэ. Өөрчлөлтийг Улсын дээд шүүх 30 хоногийн дотор бүртгэж авна” гэдэг заалт бий.

Харамсалтай нь АН гишүүдээрээ дүрмээ хэлэлцүүлсэнгүй. Намын анхан шатны нэгжид байгаа гишүүд энэ асуудалд оролцох, санал өгөх эрхээ хязгаарлуулсан. Бүр цаашилбал 2017 оны сунгаанаас хойш АН-ын удирдлагууд гишүүд дээрээ огт очсонгүй. Өнөөдөр ч гэсэн хурлаа яаран зарлаж, хэдхэн хүний дундаас намын даргыг сонгох гэж байна.

Эхлээд намын дүрмээ жирийн гишүүдээрээ хэлэлцүүлье. Ингэж намын дүрмээ батлах нь эрэмбийн хувьд зөв юм.

Өнгөрсөн хугацаанд АН-ын дүрмийг бүх шатны гишүүдээрээ хэлэлцүүлсэн гэдэг ч бодит байдал дээр жирийн гишүүд одоо батлах гэж байгаа намын шинэ дүрмийг огт хараагүй, мэдээгүй байсан” гэв.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Бид өөрсдийгөө шинэ үеийнхэн гэж нэрлэж улс төрд орсон. Хэдхэн хүн асуудлыг шийддэг, тэдний зурсан зургаар явдгийн эсрэг шинэ үеийнхэн. Өнгөрсөн хугацаанд намын тамга, гэрчилгээний асуудал зэрэг яарсан үйлдэл болгон дээрээ бид даарсан. Тиймээс яараад яах вэ гэдэг зарчим дээр залуу гишүүдтэйгээ санал нэгдэж байгаа.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Намын даргыг сонгох гэж буй дүрэм, намын даргыг сонгон шалгаруулах журам нь хуучин буюу 2005 оны Улс төрийн намын тухай хуульд нийцүүлсэн зохицуулалт юм. Одоогийн хэрэгжиж байгаа хуульд намын дарга болон бусад шатны даргад өрсөлдөх хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй байх тухай заасан байгаа.

АН-ын даргад өрсөлдөхөө зарласан хүмүүс бий. Үүнээс гадна олон нийтэд зарлаагүй хүмүүс ч байна. Энэ хүмүүс бүгд “Хугацаа хэрэгтэй байна. Намын гишүүддээ очоод бодол санаагаа хэлдэг, жирийн гишүүд ч Үндэсний бодлогын хороонд хэнийг сонговол зүгээр вэ гэж бодох хугацаа өгөх нь зөв" гэж байгаа. Тиймээс эхлээд намын үндсэн дүрмийг шинэчлээд, дараа нь намын даргын сонгуулиа явуулъя гэдэг саналтай байгаа юм” гэлээ.