Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хиймэл оюунд суурилсан эдийн засгийн өсөлтийн үед хүмүүс сар бүр $10,000-ын тэтгэмжтэй амьдрах боломжтой гэнэ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Хиймэл оюуны технологи ажлын байрыг булаасныхаа төлөө сул мөнгө авч амьдрах боломжийг хүмүүст олгодог болно гэж судлаачид үздэг.

Ийм сул мөнгийг “Universal Basic Income” буюу бүх нийтийн суурь орлого гэж нэрлэж байгаа.

Одоогоор дэлхийн хэд хэдэн оронд хязгаарлагдмал хүрээнд UBI системийг туршиж байгаа ба ийм мөнгө авсан хүмүүсийн амьдралын сэтгэл ханамж, бүтээлч чанар дээшилсэн зэрэг эерэг үр дүн гарч байгаа гэдэг.

Гэхдээ сар бүрийн ийм сул орлогын хэмжээг $500-$1,500-ын хооронд туршиж байгаа.

Тэгвэл хиймэл оюуны технологийн тэргүүлэгч компани OpenAI-д ажиллаж байсан судлаач Майлс Брандэйж үүнийг эрс өсгөх боломжтой талаар энэ долоо хоногт өөрийн сошиал хуудсанд бичжээ.

“Өнөөдрийг хүртэл туршиж үзсэнээс хамаагүй илүү өгөөмөр UBI-ийг (жишээ нь сард $10,000) туршвал томоохон нөлөө үзүүлнэ гэж би бодож байна” гэж тэр бичсэн юм.

Тэрбээр цааш нь “Сард $1,000 өгөх нь өнөөгийн түвшний боломжтой холбоотой. Хиймэл оюуны технологид суурилсан эдийн засгийн өсөлт хэдхэн жилийн дараа эрчимжихэд энэ нь сард $10,000 болох бүрэн боломжтой” гэж бичжээ.

Хиймэл оюуны технологи зарим энгийн ажил мэргэжлүүдийг хүмүүсээс булааж эхлээд байгаа.

Илон Маск зэрэг энэ салбарын удирдагчид UBI системийг дэмждэг.

OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Олтмэн гурван жилийн турш сар бүр хэсэг хүмүүст $1,000 хүртээх UBI системийн хамгийн том туршилтуудын нэгийг ивээн тэтгэж байгаа юм.

Брандэйж 2024 оныг хүртэл OpenAI компанийн бодлогын ахлах зөвлөх, AGI (Artificial General Intelligence) бэлэн байдлыг хангах багийн ахлагчаар ажиллаж байжээ.

Тухайн үед хиймэл оюуны хөгжлөөс үүдэлтэй ажлын байрны хомсдол судалгааных нь гол сэдэв байсныг тэр дурссан байна.

“Ойрын хугацаанд хиймэл оюун нь ажил хийх хүсэлтэй хүмүүсийн боломжийг булааж байгаа нь миний санааг зовоож буй ч хүн төрөлхтөн эцэст нь амьдрахын тулд хөдөлмөрлөх үүргээс чөлөөлөгдөх ёстой бөгөөд энэ нь хиймэл оюун болон AGI-ийг бий болгох хамгийн гол шалтгаануудын нэг гэж бодож байна” гэж Брандэйж бичжээ.

Энэ асуудлыг шийдвэрлэхэд одоогийн улс төрийн бодлого бэлэн биш байгааг онцлохдоо тэр “Бид улс төрийн, соёлын болон бусад аль ч түвшинд бодлогын хувьд бэлэн биш байна. Ажлын дараах ертөнц рүү гэнэт шилжих нь соёл иргэншлийг зогсонги байдалд оруулах эрсдэлтэй (WALL-E үзэх) тул энэ талаар илүү их бодож, мэтгэлцэх шаардлагатай” хэмээн бичсэн байна.

 

Эх сурвалж: Business Insider