Киргизстаны хамгийн өндөр оргилд авирч байгаад гацсан Оросын уулчныг эрэн хайх, аврах ажиллагааг цаг агаарын нөхцөл байдлын улмаас тодорхойгүй хугацаагаар зогсоож байгааг тус улсын эрх баригчид Бямба гарагт мэдээлжээ.
Далайн түвшнээс 7,439 метрийн өндөрт оршдог Ялалтын оргилд авирч байсан Наталья Наговицына 7,000 орчим метрийн өндөрт хөлөө хугалснаас хойш 11 хоног өнгөрөөд байгаа юм.
Италийн уулчин Лука Синигаля түүнийг аврах гэж яваад наймдугаар сарын 15-нд амиа алджээ.
Одоо Италийн аврагчид түүний цогцсыг авахаар нисдэг тэрэгтэй Киргизстанд очоод байгаа юм байна.
Наймдугаар сарын 20-нд 48 нас хүрсэн Наговицынаг аврах ажиллагаа үр дүнд хүрээгүй байгааг Оросын хэвлэлүүд мэдээлж байна.
Түүнийг аврах ажиллагаанд оролцож байсан нисдэг тэрэг ууланд осолдсоныг Киргизийн эрх баригчид мэдээлжээ.
Өөр хэсэг уулчид ахлагчийнх нь эрүүл мэнд эрс муудсаны дараа авиралтаа зогсоосныг бас мэдээлсэн байна. Бямба гарагт цаг агаарын нөхцөл байдал эрс муудсан тул бүх аврах ажиллагааг түр зогсоож буйг Киргизийн онцгой байдлын яамны хэвлэлийн төлөөлөгч Адил Чаргынов мэдэгджээ.
Ялалтын оргилд одоо агаарын температур шөнөдөө хасах 30 хэм хүрч, хүчтэй салхи шуургатай байгаа юм байна.
Тиймээс Оросын уулчин амьд үлдэх боломжгүй болсон гэж мэргэжилтнүүд үзэж байгааг Чаргынов хэлсэн юм.
“Бид түүний хаана байгааг мэдэж байна. Гэхдээ тийшээ хөлөөр хүрэх боломжгүй” гэж “Ялалтын оргил” баазын ахлагч Дмитрий Греков ярьсныг ТАСС агентлаг уламжилжээ.
Уулын ийм өндрөөс хүнийг аварч байсан тохиолдол өмнө нь байгаагүйг тэр баталсан байна.
“Үүнийг зөвхөн нисдэг тэргээр хийж чадна. Гэвч Киргизстанд ийм нисдэг тэрэг байхгүй” гэж Греков ярьжээ.
Наговицынагийн нөхөр Сергей 2021 онд далайн түвшнээс 7,010 метр өндөр Казахстаны ноён оргил Хан Тэнгрид авирч яваад цус харвалтын улмаас нас барж байжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!