Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Унгар, Словак улсууд Оросын “Дружба” газрын тос дамжуулах хоолойд довтлохоо зогсоохыг Украинд уриалав

Т.Давааням, ikon.mn
2025 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Украины нисгэгчгүй онгоцны довтолгоон Баасан гарагийн өглөө ОХУ-ын Брянск мужийн нутаг дах газрын тос дамжуулах “Дружба” хоолойг гэмтээсний улмаас ажиллагаа нь тасалджээ.

Хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны дотор гурав дахь удаагаа тасалдсан нь энэ юм.

Үүнтэй холбоотойгоор “Дружба” хоолойгоор газрын тос авдаг Унгар, Словак улсууд Украины довтолгоог зогсоохыг уриалсан утгатай хамтарсан мэдэгдлийг Европын Комисст хүргүүлжээ.

Хоёр улсын гадаад хэргийн яамдын хамтарсан мэдэгдэлд “Ердөө ес хоногийн дотор Унгар, Словак улсуудад газрын тос дамжуулдаг Дружба хоолой гурав дахь удаагаа гэмтлээ. Бид Европын Холбооны гишүүн орнуудын эрчим хүчний аюулгүй байдлыг хамгаалах амлалтаа биелүүлэхийг Европын Комисст уриалж байна” гэж бичсэн байна.

“Энэ бол манай улсын эрчим хүчний аюулгүй байдалд халдсан ээлжит цохилт. Биднийг дайнд татан оруулах ээлжит оролдлого. Энэ оролдлого амжилтад хүрэхгүй. Бид энх тайвны төлөөх хүчин чармайлтыг үргэлжлүүлэн дэмжиж, үндэсний эрх ашгаа хамгаалах болно” гэж Унгарын гадаад хэргийн сайд Петер Сиярто дээрх мэдэгдлийн өмнө сошиал хуудсандаа бичиж байв.

Словакийн шадар сайд бөгөөд эдийн засгийн сайд Дениса Сакова “Беларусийн хилийн ойролцоох Дружба хоолойд дахин халдлаа. Нийлүүлэлт зогсоход хүрлээ. Бид хохирлын хэмжээг шалгаж байна” хэмээн Фэйсбүүк хуудсаараа мэдэгджээ.

ОХУ-ын Брянск мужийн эрх баригчид Украины нисгэгчгүй онгоц болон пуужингийн цохилтын улмаас Унечский дүүргийн нутаг дэвсгэрт “түлшний дэд бүтцийн байгууламж” шатсан ч галыг сүүлд унтрааснаа мэдээлсэн байна.

NASA-гийн түймрийн газрын зурагт Украины хилээс хойш 50 км орчим зайд хоёр идэвхтэй түймэр шатаж байгааг харуулжээ.

Украины армийн албаны эх сурвалж уг довтолгоо Унеча газрын тос шахах станцыг чиглэснийг баталж, томоохон дэлбэрэлт, гал түймрийн гэрэл зураг, дүрс бичлэгийг нийтэлсэн байна.

ОХУ-ын батлан хамгаалах яам Баасан гарагийн шөнө өөрийн нутаг дэвсгэр дээр Украины нийт 54 дроныг устгасны 19 нь Брянск мужийн нутаг дэвсгэрт унасныг мэдээлжээ.

Өмнө нь наймдугаар сарын 13 болон 18-ны өдрүүдэд Украины агаарын довтолгоо “Дружба” хоолойн дамжуулалтыг түр зогсоож байсан юм.

Энэ жил Украины арми Оросын газрын тосны үйлдвэрүүд, дэд бүтцүүдэд өгөх агаарын цохилтоо эрчимжүүлсний улмаас Оросын дотоод зах зээлд бензин шатахууны үнэ дээд цэгтээ хүрч өсөөд байгаа.

2022 онд Украины дайн эхэлсний дараа ОХУ-ын газрын тосны импортын ихэнх хэсгийг Европын Холбоо хориглосон боловч Зөвлөлтийн үед байгуулагдсан “Дружба” хоолойн дамжуулалтыг хэвээр үлдээж байжээ.

 

Эх сурвалж: AFP