Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тяньжин хотод болох ШХАБ-ын уулзалтад оролцоно

ikon.mn
2025 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин хотод болох Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын (ШХАБ) 5 дахь уулзалтад 2025 оны наймдугаар сарын 31-ээс 2025 оны есдүгээр сарын 1-ний хооронд 20 гаруй улсын удирдагч, төлөөлөгчдийн хамт оролцохоор боллоо.

БНХАУ-ын гадаад хэргийн сайдын туслах Лиу Бин болон Гадаад Хэргийн Яамын Лин Жиан нар 2025 оны 8-р сарын 22-нд уг уулзалтын талаар хэвлэлийн бага хурал хийсэн юм. Хуралд дотоодын хэвлэл мэдээллийн албанаас гадна CIPCC (Хятадын Олон улсын Хэвлэл мэдээллийн Төв) доор зохион байгуулагдаж буй хөтөлбөрт хамрагдсан олон улсын сэтгүүлчид оролцсон.

"Уг уулзалтыг БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин удирдан илтгэл тавих төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Тяньжинд болох хурал нь ШХАБ-ыг шинэ түвшинд гаргаж, эв нэгдэл, хөгжил, хүмүүнлэг байдал, хөгжил цэцэглэлт, дэвшлийг дэмжих болно" хэмээн Лиу Бин мэдээлсэн.

Хурлын гол зорилго нь ШХАБ-ын хөгжил дэвшлийг дэмжих, улс хоорондын энх тайван ба харилцаа холбоог дэмжиж, улс хоорондын асуудлуудыг хэлэлцэж, бусад улсуудтай харилцаа холбоогоо сайжруулах юм.

Энэхүү уулзалтад Монгол улсын ерөнхийлөгчөөс гадна эдгээр улсуудын удирдагч, төлөөлөгчид оролцоно. Үүнд:

  • Бүгд Найрамдах Азербайжан Улс
  • Бүгд Найрамдах Армени Улс
  • Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс
  • Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улс
  • Бүгд Найрамдах Беларусь Улс
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс
  • Арабын Бүгд Найрамдах Египет Улс
  • Бүгд Найрамдах Индонез Улс
  • ​​Исламын Бүгд Найрамдах Иран Улс
  • Бүгд Найрамдах Казахстан Улс
  • Камбожийн Хаант Улс
  • Бүгд Найрамдах Киргиз Улс
  • Малайз Улс
  • Бүгд Найрамдах Мальдив Улс
  • Оросын Холбооны Улс
  • Бүгд Найрамдах Тажикистан Улс
  • Бүгд Найрамдах Турк Улс
  • Туркменистан Улс
  • Бүгд Найрамдах Узбекистан Улс
  • Бүгд Найрамдах Энэтхэг Улс

Мөн түүнчлэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон өөр бусад есөн олон улсын байгууллагын тэргүүн нар оролцох юм.

ШХАБ нь 2001 онд Шанхай хотод 6 улсаас бүрдэж байсан бол одоогийн байдлаар 10 улс гишүүнээр орсон бөгөөд Монгол улс болон Афганистан улс нь ажиглагчийн байр суурьтай байна.