Өнгөрсөн долоо хоногт Филиппиний нийслэл Манила хотын төв гудамжинд Япон улсын хоёр иргэн буудуулж алагдсан билээ.
Тэгвэл энэ нь Японоос хэн нэгний захиалсан аллага байсныг мөрдөж тогтоосноо Манила хотын цагдаагийн газар энэ долоо хоногт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ.
Наймдугаар сарын 15-ны орой Шератон зочид буудлын урд гудамжинд таксинаас бууж байсан 42 настай Акинобу Накаяма, 52 настай Хидеаки Сатори нарыг буудаад мотоциклоор зугтаасан хэрэгт одоо хоригдож буй ах дүү Абел болон Альберт Манабат нар сэжиглэгдэж байгаа юм байна.
Цагдаа нар одоо энэ аллагад холбоотой өөр хоёр хүнийг эрэн сурвалжилж байгаа ажээ.
Аллагыг сайтар төлөвлөсөн байсан нь сэжигтнүүдийн эхний мэдүүлгээс тодорхой болсон байна. Тухайлбал танилаар нь дамжиж холбогдсон хэн нэг нууц ноёнтны захиалгаар уг хэргийг үйлдэхээсээ өмнө ах дүүс хохирогчдод хөтчийн үйлчилгээ үзүүлж байсныг Абел мэдүүлжээ.
Ах дүү хоёрт 9 сая песо ($157,000) санал болгож, урьдчилгаанд нь 10,000 песо авсан байна.
Хохирогчид Японы зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэгтэй холбоотой байсан эсэхийг сэтгүүлчид асуухад Манила хотын цагдаагийн газрын хурандаа Алфонсо Салигумба мөрдөн байцаалт үргэлжилж байгаа шалтгаанаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Ямартай ч хохирогчдын нэг нь нуруундаа лууг дүрсэлсэн том шивээстэй байсан байна.
Хохирогчид нь Филиппинд ойр ойрхон ирдэг, өндөр зэрэглэлийн Окада Манила казиногийн байнгын үйлчлүүлэгчид байсныг тогтоожээ.
Манила хотын захирагч Франциско Домагосо уг аллагыг Японы жуулчид, хөрөнгө оруулагчдыг үргээх хор уршигтай тул шуурхай ажиллаж, шударга ёсыг тогтоохоо хэвлэлийн хурлын үеэр амласан байна.
Дээрх хэргийн дараа Манила дахь Японы элчин сайдын яам өөрийн иргэдэд шөнө оройн цагаар гадуур явахгүй байхыг анхааруулж байв.
Эх сурвалж: The Asahi Shimbun
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!