Дөрвөн жилийн өмнө Их Британийн армийн цэргийн сургуулилалт зүүн Африкийн Кени улсын нутаг дэвсгэрт зохион байгуулагдах үеэр санамсаргүй гал түймэр гарсны улмаас олон мянган энгийн иргэн хохирол амсаж байсан юм.
Тухайлбал Кени улсын Рифтийн хөндийд оршдог Лолдайга тусгай хамгаалалттай газарт гарсан ой хээрийн түймэрт 7,723 хүн эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирч байв.
Энэ явдлаас хойш хохирол барагдуулах асуудлаар шүүхийн маргаан үргэлжилж байгаа.
Тэгвэл Их Британийн засгийн газар хохирлыг барагдуулахаар тохиролцсон тухай албаны эх сурвалж энэ долоо хоногт мэдээлжээ.
Найроби хот дахь Британийн Дээд Комиссын хэвлэлийн төлөөлөгч тус улс гал түймэр гарсанд “маш их харамсаж байгаа” бөгөөд хохирогсдын нэхэмжлэлийг шийдвэрлэхийн тулд “их цаг хугацаа, хүчин чармайлт, хөрөнгө мөнгө” зарцуулсныг мэдэгдсэн байна.
Ингэхдээ нөхөн төлбөрт хэр хэмжээний мөнгө гаргахаар болсныг нууцалсан юм. Харин уг хэрэг дээр ажилласан өмгөөлөгч Их Британийн засгийн газар нийт 2.9 сая фунт стерлинг ($3.92 сая) төлөхөөр болсныг мэдээлжээ.
Хохирогчид эрүүл мэнд нь хохирсон талаар эмнэлгийн албан ёсны дүгнэлтгүй байсан, мөн тэдний ихэнх нь түймрээс өмнө гал дээр хоол цайгаа бэлдэж, утаатай орчинд амьдардаг байсан зэрэг нь асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл учруулж байсныг бас хэлсэн байна.
Хэдийгээр нөхөн төлбөрийн хэмжээнд зарим хохирогч сэтгэл дундуур байгаа ч энэ нь байж болох хамгийн сайн үр дүн болохыг өмгөөлөгч Кэвин Кубай тайлбарлажээ.
2022 онд Лолдайгад гарсан түймэр цэргийн гал тогооны зуух газарт унаснаас болсон байж болзошгүй гэж үздэг.
Үүний улмаас тухайн бүс нутгийн 2,800 га хувийн эзэмшлийн газар түймэрт өртөж байжээ.
Их Британийн засгийн газар өнгөрсөн хугацаанд шатсан газрыг сэргээн босгоход тусламж үзүүлсэн бөгөөд цэргийн сургуулилалтаа одоо ч үргэлжлүүлж байгаа.
Мөнх цаст Кени Маунт уулын бэлд оршдог энэ газар өмнө нь Британийн колони байсан юм.
Эндээс 70 км зайд оршдог Левагийн тусгай хамгаалалттай газарт 2010 оны арваннэгдүгээр сард Уэльсийн хунтайж Уиллям ирээдүйн гэргий Кэйт Мидлтонд гэрлэх санал тавьж байжээ.
Эрс тэс уур амьсгалтай өндөрлөг газар гэдэг утгаараа тохиромжтойд тооцогддог Лолдайгад жил бүр Британийн олон мянган цэрэг оролцсон сургуулилалт зохион байгуулагддаг, мөн цэргийн бааз байрладаг юм.
Энэ цэргийн бааз нь Кени улсын эдийн засагт жил бүр хэдэн арван сая фунт стерлингийн хувь нэмэр оруулдаг байна.
Үүний хажуугаар авто замын осол, хүн амины болон нутгийн эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн зэрэг цэргүүдтэй холбоотой хэргүүд маргаан дагуулсаар байдаг.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!