Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн цагаач осол гаргаж, гурван хүний аминд хүрсний дараа АНУ ачаа тээврийн жолооч нарт виз олгохоо зогсоов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа ачаа тээврийн жолооч нарт олгодог визийн хөтөлбөрөө зогсоох гэнэтийн шийдвэр гаргасан байна.

“Бид арилжааны ачаа тээврийн жолооч нарт виз олгох явдлыг нэн даруй зогсоож байна. АНУ-ын авто зам дээр том оврын ачааны автомашин, чиргүүлтэй автомашин жолооддог гадаадын иргэдийн тоо нэмэгдэж байгаа нь Америкчуудын амь насанд аюул учруулж, Америк жолооч нарын амьжиргааг дордуулж байна” гэж төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио сошиал хуудсаараа мэдэгджээ.

Саяхан Флорида мужийн хурдны зам дээр дүрэм зөрчин буцаж эргэсэн ачаа тээврийн жолооч гурван хүний амийг бүрэлгэсэн хэрэг гарсан юм.

Уг жолооч нь Мексикээс хууль бус замаар АНУ-д цагаачилж ирсэн Энэтхэгийн иргэн Харжиндер Сингх гэгч байжээ. Тэрбээр ослын дараа авсан англи хэлний шалгалтад тэнцээгүйг албаныхан мэдээлж байв.

Энэ осол Америкийн хэвлэлүүдийн анхаарлын төвд орж, Бүгд Найрамдах Намын хяналтад байдаг Флорида мужийн эрх баригчдыг шуурхай арга хэмжээ авахад хүргэсэн юм.

Сингх жолооны эрхээ Ардчилсан Намын хяналтад байдаг Калифорни мужаас авсан байсан нь асуудлыг улам хурцатгасан байна.

Гадаадын ачаа тээврийн жолооч нарт англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх шалгуур тавигддаг байсныг 2016 онд ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа болиулсан юм.

2000-аас 2021 оны хооронд ачаа тээврийн гадаад жолооч нарын тоо хоёр гаруй дахин нэмэгдэж, 720,000 орчимд хүрснийг холбооны засгийн газрын тоо баримт харуулж байна.

Одоо тэд энэ салбарын ажиллах хүчний 18 хувийг бүрдүүлж байгаа юм.

Гадаад жолооч нарын талаас илүү хувь Латин Америкийн орнуудын иргэд байдаг бол сүүлийн жилүүдэд Энэтхэг, Зүүн Европын орнуудаас ирэх нь нэмэгджээ.

Үүнийг зах зээлийн эрэлтийн дагуу явагдаж байгаа хэвийн үзэгдэл гэж мэргэжилтнүүд үздэг.

Санхүүгийн судалгааны altLine компанийн энэ оны эхээр танилцуулсан тайланд өгүүлснээр одоо АНУ-д ачаа тээврийн 24,000 жолооч дутагдаж, бараа материал хүргэлт тасалдсаны улмаас ачаа тээврийн салбар долоо хоног бүр $95.5 саяын хохирол амсаж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: AFP