АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дөрөв дэх жилдээ үргэлжилж буй Украины дайныг зогсоохын тулд дайтагч талуудын ерөнхийлөгч нарыг уулзуулахаар ажиллаж байгаагаа сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд хэд хэдэн удаа мэдэгдэж байв.
Гэвч ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров өчигдөр буюу Баасан гарагт NBC сувгийн “Meet the Press” хөтөлбөрт оролцохдоо Путин, Зеленский нарын хооронд одоогоор ямар ч уулзалт төлөвлөгдөөгүй байгааг мэдэгджээ.
“Ерөнхийлөгч Путин энэ уулзалт үнэхээр хэлэлцэх асуудлын жагсаалттай, хөтөлбөртэй байх юм бол уулзахад бэлэн гэдгээ тодорхой хэлсэн. Одоогоор ямар нэг уулзалт төлөвлөгдөөгүй байна” гэж тэр хэлсэн юм.
Даваа гарагт Зеленский болон Европын удирдагчдыг Цагаан ордонд хүлээн авч уулзахдаа Трамп ойрын үед хоёр улсын ерөнхийлөгч нарыг уулзуулах, дараа нь өөрийгөө оролцуулсан гурван талт уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажил эхэлснийг мэдэгдэж байв.
Өмнө нь Путин хэлэхдээ зөвхөн дайныг зогсоох бүх нөхцөлийг урьдчилан тохиролцсоны дараа Зеленскийтэй уулзахад бэлэн байгаагаа илэрхийлж байсан юм.
Харин Лавровын өчигдөр хэлсэн зүйл Оросын талын энэ байр суурийг улам бататгаж байна.
Долоо хоногийн өмнө Аляскад болсон уулзалтаар Украиныг НАТО-д элсүүлэхгүй байх, дайныг зогсоохын тулд Киевийн эрх баригчид зарим газар нутгаа алдахыг зөвшөөрөх зэрэг өөр хэд хэдэн нөхцөлийг АНУ, ОХУ-ын талууд тохиролцсоныг Лавров баталжээ.
“Зеленский бүх зүйлд үгүй гэж хэлсэн. Тэр ч байтугай орос хэлийг хориглосон хууль тогтоомжоо цуцлахыг ч хүсэхгүй байна. Удирдагчийн дүр эсгэсэн ийм хүнтэй бид яаж уулзах юм бэ?” гэж тэр хэлсэн юм.
Лавровын энэ мэдэгдэл Трампын хүчин чармайлт дээр “ус асгасан” хэрэг болж байна.
Даваа гарагт Путинтэй уулзахад бэлэн байгаагаа мэдэгдэж байсан Зеленский энэхүү уулзалтаас өмнө Өрнөдийн орнуудаас Украинд үзүүлэх аюулгүй байдлын баталгааг илүү тодорхой болгох хүсэлтэй байгаагаа Пүрэв гарагт хэлсэн юм.
Лхагва гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа Лавров аюулгүй байдлын баталгааг хангах яриа хэлэлцээрт Орос улс заавал оролцох шаардлагатайг анхааруулж байв.
Эдгээрээс харвал Украины дайн хэзээ дуусах нь улам бүрхэг болж байна.
Пүрэв гарагт Трамп консерватив мэдээний хөтлөгч Тодд Старнестай ярилцахдаа хоёр долоо хоногийн дотор Украин, Оросын энхийн яриа хэлэлцээнд ахиц дэвшил гарах эсэх нь тодорхой болох ба “үүний дараа бид өөр арга хэмжээ хэрэгтэй болох байх” гэж хэлжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!