Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Ариунаа: "Зүрх асна" тоглолт маань үзэгчдийн зүрхний галыг асаахад бэлэн боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 8 сарын 22
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дуучин Т.Ариунаагийн “Зүрх асна” тоглолт энэ сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Шинэ тоглолтынхоо бэлтгэл, зохион байгуулалт болон бусад мэдээллийн талаар зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл өглөө.

Тоглолтынхоо талаар дуучин Т.Ариунаа "Маргааш 15:00 цагаас нээлтээ хийх "Зүрх асна" тоглолт маань үзэгчдийнхээ зүрхний галыг асаахад бэлэн боллоо. Тоглолтын гол амин судас, агуулгыг нь барьдаг хүн бол найруулагч байдаг. Энэ удаагийн тоглолтын ерөнхий найруулагчаар "Skin Entertainment"-ын Б.Анар ажиллана. Бид хамгийн анх 2019 онд "Тэнгэр шиг бай" тоглолтод хамтран ажилласан түүхтэй. Үүний дараа Монгол наадмын ерөнхий найруулагчаар нь ажилласан хүн. 

Энэ тоглолтынхоо өмнө "Чамтай бас чамгүй" дуугаа "Mxrningstar" хамтлагийн ахлагч Б.Аззаяатай хамтран шинэчилж дууллаа. Энэ дуу маань анх 2004 онд олны хүртээл болсон. Олон жилийн өмнө бүтээсэн дуугаа эргээд залуу үеийнхэнтэйгээ хамтран дуулсандаа сэтгэл хангалуун байна. Энэ дуу маань ингэж цөмлөнө гэж бодоогүй. Гэхдээ бид шинэ үеийн залуусынхаа бүсийг бүсэлж, хамтдаа алхах алсын хараатай байгаа. Үүнийг маань Б.Анар найруулагч маань маш сайн чиглүүлж өглөө. 

Энэ дууны хөгжмийн найруулгыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чинбат хийсэн юм. Түүнтэй хамт ажиллахад ямар гайхалтай галтай байна вэ. Бүх талаараа асдаг улсуудтай ажиллана гэдэг үнэхээр сайхан байдаг юм байна. 

Аливаа тоглолт гэдэг бол эв нэгдлийн төгс холбоос дотор ажиллах ёстой учраас бид бүгд бие биетэйгээ ойлголцож ажиллахыг хичээсэн. Шинэ үеийн залуучуудтайгаа яаж ажиллахыг зааж өгсөн, сургамжтай төсөл байлаа" гэсэн юм.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тоглолтын талаар найруулагч Б.Анар "Бид өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш тоглолт хийх талаар ярилцсан юм. Тоглолтод нийт 33 дуу дуулна. Эдгээр дуунуудаа яг тоглолтод зориулаад шинэчилж, найрууллаа. Т.Ариунаа эгч маань тоглолтынхоо бэлтгэлд өнгөрсөн хоёрдугаар сараас хойш хагас жил бэлтгэлээ базаалаа" гэв.