Канадын Засгийн газрын Орон нутгийн санаачилгыг дэмжих сан (Canada Fund for Local Initiatives – CFLI)-гийн дэмжлэгтэйгээр Хөгжлийн Шийдэл ТББ-ын санаачлан хэрэгжүүлж буй “ЖДБ-д хөгжлийн бэрхшээлд ухаалаг менежментийг бэхжүүлэх нь” төслийн танилцуулах арга хэмжээ наймдугаар сарын 20-нд боллоо.
Төслийн гол зорилго нь Монголын Жижиг, дунд бизнесүүдийг хөгжлийн бэрхшээлд ээлтэй, хүртээмжтэй орчин, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ухаалаг менежменттэй байгууллага болгон хөгжүүлэхэд чиглэж байна. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэднийг асран хамгаалагчид болон туслахуудын хөдөлмөр эрхлэлтийн орчинд бодит өөрчлөлт авчрахыг зорьж байгаа бөгөөд Монгол Улсад Нил ягаан болон Асрахуйн эдийн засгийн (Purple and Care Economy) хөгжилд бодитой хувь нэмэр оруулах юм. Төсөл нь нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт, орон нутагт Дорнод, Баянхонгор болон Өвөрхангай аймагт хэрэгжинэ.
Нээлтийн үйл ажиллагаанд Канадын Элчин Сайдын Яам, Нийслэл болон Орон нутгийн холбогдох Төрийн болон Хөгжлийн Бэрхшээлтэй иргэдийн Иргэний нийгмийн байгууллагууд, Жижиг Дунд Бизнесийн төлөөлөл, банкны төлөөлөл тус тус оролцлоо.
Канад улсаас Монгол Улсад суух Элчин сайд ноён Стивен Дауст тус арга хэмжээг нээж үг хэлэхдээ: “Канадын Орон нутгийн санаачилгыг дэмжих сангийн тэргүүлэх чиглэлийн нэг нь хүний эрхийг хамгаалж, дэмжихийн зэрэгцээ хүртээмжийг хүн бүрд хүргэхэд чиглэдэг. Энэ жил Монгол Улсад хэрэгжүүлэх төслүүдийн дунд жижиг, дунд бизнесийн орчинд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний асран хамгаалагчид, туслахуудад илүү нээлттэй, хүртээмжтэй байхын ач холбогдлыг онцлон харгалзан үзэж энэхүү төслийг сонгон дэмжсэн” хэмээн онцоллоо.
Түүнчлэн УИХ-ын гишүүн О.Саранчулуун хэлсэн үгэндээ: “Ажлын байрны тохиргооны шаардлага хангагдаагүй байдал, орчны саад бэрхшээл, нийгмийн болон эдийн засгийн хүндрэлүүд, мөн сэтгэлзүйн хүчин зүйлс нийлээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн боломжийг хязгаарлаж байна. Энэ бүхнийг даван туулахын тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал бөгөөд энэхүү үйлсийг дэмжин ажиллана.” гэдгийг тэмдэглэлээ.
Арга хэмжээний үеэр төслийн үйл ажиллагааг оролцогч талуудад дэлгэрэнгүй танилцуулж, үүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн орчны судалгааг хийх, ЖДБ-үүдэд ухаалаг менежментийн аргачлалыг нэвтрүүлэхэд чадавхжуулах сургалт, менторшип дээр санал солилцов.
Монголын жижиг, дунд бизнесүүдийн хүртээмжтэй хөгжлийг шинэ шатанд гаргаж, хөгжлийн бэрхшээлийг саад бус харин инновацын эх сурвалж гэдгийг тодорхой харуулах маш чухал төсөл ийнхүү албан ёсоор хэрэгжиж эхэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!