Оросын зах зээлд худалдаалагдахаасаа өмнө бүх гар утас, таблет төхөөрөмжүүд төрийн дэмжлэгтэй бүтээгдсэн Max мессенжэр аппликэйшнийг суулгасан байх шаардлага тавигдах гэж байгааг тус улсын эрх баригчид өчигдөр зарлажээ.
Энэ шаардлага есдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх юм байна.
Мөн Apple компанийн App Store-той өрсөлдөх RuStore аппликэйшнийг үйлдвэрлэгчид худалдаанд гаргахаасаа өмнө урьдчилж суулгах ёстой болжээ.
Үүнээс гадна ирэх сарын нэгнээс Оросын төрийн өмчит телевизийн сувгуудыг үнэ төлбөргүй үзэх Lime HD TV программ тус улсад ашиглагдаж буй бүх ухаалаг зурагтад автомат суухаар болсон байна.
Max мессенжэрийг Оросын VK сошиал медиа компани хөгжүүлж, энэ оны гуравдугаар сард зах зээлд гаргасан юм.
Мессэж солилцох, аудио, видео дуудлага үйлдэх, мөнгө илгээх зэрэг боломжтой энэ аппликэйшн одоо 18 сая орчим хэрэглэгчтэй болсныг VK компани саяхан мэдээлж байв.
Оросын эрх баригчид интернэт орчинд Хятад маягийн өндөр хяналттай болох зорилгоор WeChat-тай төстэй Max мессенжэрийг нэвтрүүлж буй бололтой.
Нөгөө талаар тус улс гадаадын мессенжэр үйлчилгээнүүдийг хязгаарлах бодлогоо эрчимжүүлж байгаа.
Facebook, Instagram, X платформууд одоо Оросын зах зээлд бүрэн хориглогдсон.
Энэ сарын эхээр WhatsApp, Telegram мессенжэрээр дуудлага үйлдэхийг хориглож байгааг тус улсын эрх баригчид зарлаж байв.
WhatsApp, Telegram платформууд Max-аас ялгаатай нь хэрэглэгч хооронд дамжиж буй мессэжийг кодолж, гуравдагч этгээд уншихаас сэргийлдэг юм.
Max мессенжэрийг хөгжүүлсэн VK компанийг Telegram-ийн үүсгэн байгуулагч тэрбумтан Павел Дуров 2006 онд байгуулж байжээ.
Гэвч тэр хэрэглэгчдийн хувийн мэдээллийн асуудлаар Оросын эрх баригчидтай зөрчилдсөний улмаас 2014 онд тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас огцорсон юм.
Одоо VK компанийг ерөнхийлөгч Путиний тамгын газрын нэгдүгээр орлогч дарга Сергей Кириенкогийн хүү Владимир Кириенко удирддаг.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!