Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

2050 он гэхэд Европын сэргээгдэх эрчим хүчний 80 хувийг сансарт байрлуулсан нарны эх үүсгүүр бүрдүүлдэг болно

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

2050 он гэхэд Европын сэргээгдэх эрчим хүчний нийт хэрэгцээний 80 хувийг сансрын уудамд байрлуулсан нарны эх үүсгүүрүүд хангаж чадна гэсэн дүгнэлтийг судлаачид гаргажээ.

Ингэхдээ тэд NASA-гийн зохион бүтээсэн сансрын нарны хавтангуудад суурилсан систем Европын нийт эрчим хүчний хэрэгцээний доод тал нь 15 хувийг хангаж, батарейн хэрэгцээг гуравны хоёроос дээш хувиар бууруулах боломжтойг компьютерын нарийвчилсан загвараар тооцоолон гаргасан юм байна.

“King’s College London”-ий эрдэмтдийн удирдсан энэ ажил сансрын эрчим хүч үйлдвэрлэл Европ тивд хэрхэн нөлөөлөхийг судалсан анхны тохиолдол ажээ.

SBSP (Space-based Solar Power) систем нь дэлхийн тойрог замд байрлаж, нарны гэрлийг цуглуулан ойлгох зориулалттай юм.

Ингэж ойлгосон нарны гэрлийг дэлхий дээрх станцууд хүлээж авсны дараа цахилгаанд хувиргаад эрчим хүчний түгээх сүлжээнд нийлүүлнэ.

Ийм систем ашигласан тохиолдолд Европын 33 улсын газарт суурилагдсан сэргээгдэх эрчим хүчний багтаамжийн 80 хувийг орлуулах боломжтой нь харагджээ.

Газарт суурилсан систем нь цаг агаарын нөхцөл байдлаас ихээхэн хамааралтай байдаг.

Харин дэлхийн агаар мандлын гадна ажиллах SBSP систем нь гигаваттаар хэмжигдэх эрчим хүчээр тасралтгүй хангах найдвартай эх үүсгүүр болж чадах юм.

Гэхдээ судлаачид энэ тооцоололдоо дэлхийн тойрог замын бохирдол, дамжуулалтын тасалдал зэрэг сөрөг хүчин зүйлүүдийг бодолцоогүйгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Тухайлбал тойрог замд хүний үүсгэсэн хог хаягдал нарны хавтангуудыг мөргөж гэмтээх эрсдэлийг үүнд тооцоогүйгээ судалгааг удирдсан “King’s London College”-ийн инженерчлэлийн танхимын ахлах багш Вэй Хэ хэлжээ.

“Шатдаг түлшийг орлох сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр бий болгох нь хүн төрөлхтний хамгийн чухал зорилт юм. Сансарт байрлуулсан нарны системийг тасралтгүй сэргээгдэх эрчим хүчээр хангах хамгийн боломжтой технологи гэж бид үзэж байна” гэж тэр “Joule” сэтгүүлд нийтлүүлсэн тайландаа бичсэн байна.

Япон улс одоогоор SBSP системийг үндэсний сансар судлалын болон хүлэмжийн хийг бууруулах стратеги төлөвлөгөөндөө тусгаад байгаа.

Европын орнуудын хувьд АНУ, Япон зэрэг энэ салбарт тэргүүлж байгаа улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх замаар дээрх зорилтод хүрэх боломжтойг Вэй онцолжээ.

 

Эх сурвалж: The Guardian