Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Сергей Лавров: Украины аюулгүй байдлын баталгаа Оросын оролцоогүйгээр хэрэгжих ямар ч боломжгүй

Т.Давааням, ikon.mn
2025 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа Украины аюулгүй байдлын баталгаа Оросын оролцоогүйгээр хэрэгжих ямар ч боломжгүйг анхааруулжээ.

“Өрнөдийн орнууд, ялангуяа АНУ аюулгүй байдлын баталгааны талаар Оросыг оролцуулалгүйгээр хэлэлцэх нь ямар ч үр дүнгүйг ойлгож байгаа гэдэгт би итгэлтэй байна” гэж тэр хэлсэн байна.

Мөн Орос улс дайныг зогсоохын тулд хууль ёсны ашиг сонирхлоосоо ухрах бодолгүй байгааг Лавров баталжээ.

Өчигдөр буюу Лхагва гарагт НАТО-гийн гишүүн 32 орны батлан хамгаалахын сайд нар Украины аюулгүй байдлын баталгааг хэрхэн хангах асуудлаар хуралдсан юм.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөсөн өдрөөсөө хойш Украины дайныг зогсоохыг хичээж байгаа ч үр дүнд хүрэхгүй байна.

Өнгөрсөн Даваа гарагт Цагаан ордонд Украины ерөнхийлөгч Володимир Зеленский болон Европын удирдагчидтай уулзахдаа тэр дөрөв дэх жилдээ үргэлжилж буй дайныг зогсоох нь төсөөлж байснаас хэцүү байгааг хүлээн зөвшөөрч байв.

Одоо Трампын нэн тэргүүний зорилт дайтагч хоёр улсын ерөнхийлөгч нарыг хооронд нь уулзуулах болж байна.

Зеленский Путинтэй уулзахад бэлэн байгаагаа мэдэгдсэн бол Кремль одоогоор тодорхой хариу хэлэхгүй байгаа.

Харин өчигдөр Лавров хэлэхдээ Зеленскийтэй биечлэн уулзахад Путин үргэлж нээлттэй байсан мэтээр ярьжээ.

“Бид уулзалтын ямар ч форматад нээлттэй байна. Гэхдээ дээд түвшний уулзалтын үр дүн нөхцөл байдлыг улам дордуулахгүй, яриа хэлэлцээ цааш үргэлжлэх боломжийг хангаж байхын тулд маш сайн бэлдэх шаардлагатай” гэж тэр хэлсэн байна.

Даваа гарагт Зеленскийн хамт Цагаан ордонд зочилсон Европын удирдагчдын уулзалтыг ямар ч ажил хэрэгч санал дэвшүүлэлгүй, зөвхөн Трампын бодлыг өөрчлөх “болхи оролдлого” байсан гэж Лавров шүүмжилжээ.

 

Эх сурвалж: AFP