Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

"The MongolZ" баг 1.2 сая ам.долларын шагналын сантай тэмцээний шөвгийн наймд шалгарлаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: HLTV.org

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын өндөр чансаатай багуудын өрсөлдөж буй Esports World Cup 2025 тэмцээн Саудын Арабын Эр-Рияд хотноо өнөөдөр эхэллээ. 

Нийт 1.2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд 16 баг нугалааны зарчмаар тоглож байгаа бөгөөд аваргын төлөөх тоглолт энэ долоо хоногийн Ням гарагт болно.

Манай улсын "The MongolZ" багийн хувьд эхний тоглолтоо Германы "GamerLegion" багийн эсрэг "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар тоглож, 2:0 онооны харьцаатай ялалт байгууллаа. 

Өнөөдрийн тоглолтод манай баг Германчуудын сонгосон "Overpass map" дээр хамгаалах талаас эхэлж хоёр үеийн илүүтэй байраа сольсон. Улмаар довтлох талаас өрсөлдөгчдөө ердөө хоёр үеийг алдсанаар 13:7 тооны харьцаатай хожив. 

Үргэлжлүүлэн өөрсдийн сонгосон "Inferno map" дээр довтлох талын 12 үеэс ердөө хоёрыг нь "GamerLegion" багт алдсанаар байраа юм. Харин хамгаалах талаас эсрэг багийн дайралтуудыг сөрж чадсанаар 13:3 тооны харьцаатай ялалт байгууллаа. Энэ тоглолтын шилдгээр багийн ахлагч Blitz буюу Б.Гарьдмагнай тодров.

Ийнхүү "The MongolZ" баг Esports World Cup 2025 тэмцээний шөвгийн наймд Украины "Natus Vincere" болон Францын "3DMAX" багийн аль хожсонтой нь маргааш шөнийн 01:30 цагт тоглох урьдчилсан хуваарь гараад байна.

Esports World Cup 2025 тэмцээнд Францын "Team Vitality", Украины "Natus Vincere", Европын "FaZe Clan", Германы "MOUZ", Оросын "Team Spirit" зэрэг дэлхийн томоохон багууд оролцож байгаа юм. 

Түрүүлсэн багт 500,000 ам.доллар, хоёрдугаар байрт 230,000 ам.доллар, гуравдугаар байрт 130,000 ам.долларын шагнал өгөхөөр тэмцээн зохион байгуулагчид төсөвлөжээ.