2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн гурав, дөрөвдүгээр ангид англи хэлний нэмэлт хөтөлбөрөөр долоо хоногт хоёр цагаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Англи хэлний нэмэлт хөтөлбөрийн сурах бичигт монгол ахуй, соёлтой холбоотой агуулгаар баяжуулан тохируулга хийж, хэвлэж хүүхдийн тоогоор нийлүүлэхэд бэлэн болжээ.
Туршилтаар гурав, дөрөвдүгээр ангид заах англи хэлний хөтөлбөрийн тохирц, зохион байгуулалтын хэлбэрийг тохируулж, баталгаажуулсан бөгөөд Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс англи хэлний хөтөлбөрийг гурав, дөрөвдүгээр ангид хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэсэн байна.
Багшийн хүрэлцээ, ур чадвар чухал байна. Үүнтэй холбоотойгоор 2025 оны дөрөвдүгээр сард төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудаас судалгаа авсан бөгөөд үр дүнд нь III, IV ангид англи хэлний хичээлийг дунд ангийн мэргэжлийн англи хэлний багш нар, бага ангийн багш нар болон бусад хувилбаруудыг сургуулийн нөөц, боломждоо тулгуурлан заах боломжтой гэжээ. Үүний дагуу англи хэл заах багш нарыг чадавхжуулах сургалтыг үе шаттай эхлүүлээд байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!