Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрлэлийн Яам(ХХААХҮЯ)-наас Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулсан асуудлын тухай тус яамны газрын дарга Ц.Болорчулуун мэдээлэл өглөө.
Тэрбээр "Мэргэжлийн байгууллагуудын гаргасан дүгнэлтээр нийт нутгийн 30 гаруй хувь нь гандуу болон гантай байна. Иймд 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал зарим суманд хүндрэхээр байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд 77 сая мал бэлчиж байгаа. Өнгөрсөн жилийн эцсээр 57.6 сая мал тоолуулж байв. Энэ жил 20.1 сая төл хүлээн авсан.
Засгийн газрын тогтоолд өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэхийг хавсралтаар баталлаа. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад аюулгүйн нөөцийн хэмжээ нь нэмэгдсэн.
Мөн ургацын урьдчилсан балансаар 276.4 мянган тонн үр тариа, үүнээс 255.5 мянган тонн улаанбуудай, 88.3 мянган тонн төмс, 164.1 мянган тонн хүнсний ногоо, 40.7 мянган тонн тосны ургамал, 100.5 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан. Энэ жил нийт тариалалтыг 577 мянган га талбайд хийсэн нь өмнөх жилээс 60.7 мянган га-гаар буурсан үзүүлэлт юм.
Цаг агаарын өнөөгийн нөхцөл байдал, ялангуяа тариалангийн бүс нутаг болох Төв аймгийн хойд сумууд, Сэлэнгэ аймаг, Дархан-Уул аймгийн зарим суманд гангийн нөлөө хүчтэй туссанаар ургац буурлаа. Улсын хэмжээнд авч байгаа 255.5 мянган тонн хүнсний улаанбуудайгаа хуваарилж үзэхэд гурил үйлдвэрлэлд 168 мянган тонн хүнсний улаанбуудай нийлүүлэх тооцоолол гарсан. Гурилын үйлдвэрүүд 50 мянган тонн буудайн нөөцтэй, Хөдөө аж ахуйн корпорац 8.4 мянган тонн улаанбуудайны нөөцтэй байгаа. Ирэх жил 100 орчим мянган тонн хүнсний улаанбуудайн дутагдах нөхцөл байдал үүссэн. Үүнийг импортоор авна" гэв.
Түүнчлэн ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд гүйцэтгэхэд их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутан, сонсогч, хугацаат цэргийн алба хаагчид, иргэдийг сайн дурын үндсэн дээр оролцуулах талаар арга хэмжээ зохион байгуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!