Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийг байлдан дагуулж буй Лабубу хүүхэлдэй үйлдвэрлэгчийн орлого оны эхний хагаст 400 хувиар өсжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Дэлхий дахиныг байлдан дагуулж буй Лабубу хүүхэлдэйг үйлдвэрлэгч Хятадын Pop Mart компани өчигдөр энэ оны эхний хагас жилийн санхүүгийн үр дүнгээ хөрөнгө оруулагчдад танилцуулжээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Ван Нин энэ онд төлөвлөсөн 20 тэрбум юанийн ($2.78 тэрбум) орлого биелэх нь нэгэнт тодорхой болсон бөгөөд 30 тэрбумд хүрэх ч боломжтой байгааг мэдэгдсэн байна.

Энэ оны эхний хагаст Pop Mart компанийн ашиг 400 орчим хувиар өсжээ.

Одоо тус компани Ойрх Дорнод, Төв Европ, Төв ба Өмнөд Америкийн зах зээлд борлуулалтаа өсгөх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

“Гадаад зах зээлийг бид маш эерэг харж байгаагаас гадна өсөх орон зай хангалттай их байгаа гэдэгт итгэлтэй байна” гэж Ван хэлжээ.

Бас энэ оны Умард Америк, Ази, Номхон Далайн зах зээлийн орлого 2024 оны Хятадын зах зээлээс олсон орлоготой тэнцэх төлөвтэй байгааг тэр нэмж хэлсэн юм.

АНУ-ын зах зээлд 40 дэлгүүртэй болсон Pop Mart ойрын хоёр жилийн дотор хүрээгээ хурдтай тэлэх гэнэ. Энэ оны сүүлч хүртэл дахин 10 дэлгүүр нээх төлөвлөгөөтэй байгааг Ван хэлсэн байна.

Pop Mart компанийн үндсэн бизнес нь цуглуулгын зориулалттай тоглоом үйлдвэрлэл юм. Тоглоомоо янз бүрийн уран бүтээлчидтэй хамтран бүтээдэг бөгөөд зарахдаа дотор нь тоглоомын ямар хувилбар байгаа нь мэдэгддэггүй “сохор хайрцаг”-т хийж, нэг бүрийг нь $10-$20 хооронд үнээр зардаг.

Худалдан авагчид хайрцгийг задлах хүртлээ ямар хувилбар тоглоом авснаа мэддэггүй юм.

Касин Лунгийн зохион бүтээсэн “The Monsters” цувралын өхөөрдөм, бас зэвүүн Лабубу хүүхэлдэй Рианна, Дэвид Бекхэм зэрэг алдартнуудын дуртай тоглоом болж, дэлхий даяар асар хурдтай зарагдаж байгаа.

Өнөөдрийг хүртэл гар цүнхний зүүлт хэлбэртэй байгаа энэ хүүхэлдэйн гар утсанд зориулсан мини хувилбарыг энэ долоо хоногт танилцуулах болсныг Pop Mart сая зарлажээ.

Үүнээс гадна уг хүүхэлдэйг дижитал контент, энимэйшн киноны баатар болгох хувилбаруудыг тус компани судалж байгаа юм байна.

 

Эх сурвалж: Reuters