Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Украины ахмад дайчны хэрэглэж байсан гольфын цохиурыг Зеленский АНУ-ын ерөнхийлөгчид бэлэглэжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский энэ долоо хоногт Вашингтонд айлчлахдаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампад эх орныхоо төлөө Оросын түрэмгийлэгчдийн эсрэг тулалдаж байгаад шархадсан цэргийн гольфын цохиурыг бэлэглэжээ.

Энэ бэлгийн тухай Киевийн албаны эх сурвалж Мягмар гарагт мэдээлсэн байна.

Гольфын хорхойтон Трамп хариуд нь Цагаан ордны бэлгэдлийн түлхүүрийг Зеленскийд бэлэглэжээ.

Энэ оны хоёрдугаар сард Цагаан ордонд хэрэлдээд салж байсан хоёр ерөнхийлөгчийн харилцаа эрс сайжирсныг энэ үйл явдал харуулж байна.

Сүүлийн уулзалтаас хойш Зеленский харилцаагаа засахыг хичээж, Украинд энх тайван тогтоох Трампын хүчин чармайлтыг байнга магтах болсон.

Бэлгийн цохиурыг өмнө нь Украины армийн алба хаагч асан Константин Картавцев хэрэглэж байжээ. Тэрбээр Оросын эзлэн түрэмгийллийн эхний саруудад тулалдаж яваад хүнд шархдаж, нэг хөлөө тайруулсан хүн юм байна.

зураг
 

Бэлгийг өгөхдөө Зеленский түүний гольф тоглож буйг харуулсан дүрс бичлэгийг АНУ-ын ерөнхийлөгчид үзүүлжээ.

Өчигдөр Украины ахмад дайчдын “Гольфоор Нэгдэгсэд” байгууллага цохиурыг гартаа барьсан Трампын Картавцевт талархал илэрхийлж байгааг харуулсан дүрс бичлэгийг нийтэд цацсан байна.

“Би дөнгөж сая таны цохилтыг харлаа. Гольфын талаар сайн мэддэг хүний хувьд хэлэхэд таны цохилт үнэхээр сайн байсан. Та бол бусад бүх зүйлсийн хажуугаар гольфоо тоглосоор байгаа гайхалтай хүн юм. Танай улс бол аугаа улс. Бид танай улсыг эрүүлжүүлэхийн төлөө ажиллаж байна” гэж Трамп энэ үеэр хэлж байжээ.

Зеленский айлчлалынхаа үеэр бас АНУ-ын тэргүүн хатагтай Меланиад бичсэн гэргий Оленагийнхаа захиаг Трампад гардуулж өгсөн юм.

Меланиа Трамп өнгөрсөн Баасан гарагт Аляскад айлчилсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд хүүхдүүдийг хамгаалахыг уриалсан захиаг нөхрөөрөө дамжуулан илгээсэн юм. Олена Зеленска энэ хүчин чармайлтад нь талархал илэрхийлэх зорилгоор захиа бичсэн юм байна.

Өөрийгөө хүндлүүлэх дуртай Дональд Трамптай сайн харилцаа тогтоохын тулд дэлхийн улс орнуудын удирдагчид янз бүрийн бэлэгтэй Цагаан ордонд зочилдог болоод байгаа.

Хоёрдугаар сард Их Британийн ерөнхий сайд Кэйр Стармер түүнд Чарльз хааны гарын үсэг бүхий албан ёсны урилгыг гардуулж байв.

 

Эх сурвалж: AFP