Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Украины аюулгүй байдлыг хангахын тулд АНУ цэрэг илгээхгүй, агаараас дэмжиж магадгүйг Трамп мэдэгдэв

Т.Давааням, ikon.mn
2025 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Украины аюулгүй байдлыг хангах зорилгоор АНУ цэргээ илгээхгүй, харин агаараас дэмжлэг үзүүлж магадгүйг ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдэгджээ.

Даваа гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленский болон Европын удирдагчидтай Цагаан ордонд уулзсаныхаа маргааш тэр ийм байр суурь илэрхийлсэн юм.

“Аюулгүй байдлыг хангах тухайд европчууд газар дээр нь цэргийн хүч илгээхэд бэлэн байгаа. Бид тэднийг ямар нэг аргаар, тухайлбал агаарын хүчээр дэмжихэд бэлэн байна” гэж Трамп өчигдөр  Fox News сувгийн “Fox & Friends” нэвтрүүлэгт орохдоо хэлжээ.

Даваа гарагийн уулзалтын дараахан Орос улс сүүлийн сар гаруй хугацааны хамгийн том агаарын довтолгоогоо Украины нутаг дэвсгэрт явуулсан юм.

Трамп өчигдөр ярихдаа Оросын ерөнхийлөгч Путин дайныг зогсоох хүсэлгүй байж магадгүйг хүлээн зөвшөөрсөн байна.

“Бид ойрын хоёр долоо хоногийн дотор Путиний санааг олж мэдэх болно” гэж тэр хэлжээ.

Украины аюулгүй байдлын баталгааг хангахад АНУ-ын оролцоо яг ямар байх талаар Трамп дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.

Агаарын дэмжлэг гэдэгт пуужингийн довтолгооноос хамгаалах, эсвэл байлдааны нисэх онгоцнуудаар “нислэггүй бүс” (no-fly zone)-ийг хэрэгжүүлэх зэрэг олон янзын ойлголт байж болно.

Трампын ярьсан зүйлийн талаар тодруулахад Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Ливитт “АНУ цэргээ Украинд илгээхгүйг ерөнхийлөгч тодорхой хэлсэн. Гэхдээ бид Европын холбоотнуудынхаа үйл ажиллагаанд өөр арга хэрэгслээр туслах боломжтой” гэж мэдэгджээ.

Цагаан ордонд болсон яриа хэлэлцээг Украины ерөнхийлөгч Зеленский сүүлийн 80 жилийн хугацаанд Европ тивд дэгдсэн хамгийн том дайныг зогсоох чиглэлд гарсан томоохон алхам гэж сайшаасан юм.

Уг уулзалтын үеэр Зеленский, Путин нарыг ойрын үед уулзуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа Трамп мэдэгдсэн билээ.

Тэр энэ уулзалтыг Будапешт хотод зохион байгуулах боломжийн талаар Унгарын ерөнхий сайд Виктор Орбантай утсаар ярилцсаныг Цагаан ордны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.

Хоёр улсын төлөөлөгчид өмнө нь хэд хэдэн удаа уулзаж байсан Туркийн Истанбул хот бас нэг хувилбараар яригдаж байгаа гэнэ.

Оростой найрсаг харилцаатай Унгар бол Путиний айдасгүй зочлох боломжтой Европын цөөхөн улсуудын нэг юм.

Төвийг сахисан гадаад бодлоготой Швейцар улс өчигдөр бас Зеленский, Путин нарын уулзалтыг зохион байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Украиныг дэмжигч Европын холбоотнууд өчигдөр Оросын эрх баригчдад үзүүлэх нэмэлт хориг арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. Тэд ойрын үед АНУ-ын засаг захиргаатай Украины аюулгүй байдлын баталгааг хэрхэн хангах тухай төлөвлөгөөг хэлэлцэхээр болжээ.

НАТО-гийн удирдагчид бас өнөөдөр АНУ-ын зэвсэгт хүчний нэгдсэн жанжин штабын дарга, генерал Дэн Кэйнтэй энэ асуудлыг хэлэлцэхээр болсон байна.

Кремлийн хэвлэлийн алба одоогоор Украин, Оросын ерөнхийлөгч нарын уулзалтын талаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна.

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров өчигдөр ярихдаа Украинтай энхийн яриа хэлэлцээ явуулах ямар ч форматыг Москва эсэргүүцэхгүй байгаа, гэхдээ энэ уулзалтад “маш нягт нямбай бэлдэх ёстой” гэж мэдэгджээ.

Энэ нь Орос улс энхийн яриа хэлэлцээг сунжруулах замаар дайнаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаагийн илрэл байж магадгүйг “Royal United Services Institute” бодлогын хүрээлэнгийн Олон Улсын Аюулгүй Байдал судлалын салбарын захирал Нэйл Мелвин хэлсэн байна.

 

Эх сурвалж: Reuters