Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.08.19) ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад ажиллаж, албаны бэлтгэл бэлэн байдал, үүрэг гүйцэтгэлийн онцлог, алба хаагчдын хэрэглэж буй техник, хувцас хэрэглэл болоод сургалт, дадлагын үйл ажиллагаатай танилцжээ.
Энэ үеэр Ерөнхий сайд алба хаагчдад хандан “Та бүхний өмнө тулгамдаж буй шийдвэрлэх ёстой асуудалтай танилцлаа. Гал, устай тэмцэж, амь биеэ үл хайрлан зүтгэдэг аврагчдын хувцас, хэрэглэл, шаардлагатай тоног төхөөрөмжийн хангамж дутагдалтай байгааг харлаа. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас онцгой байдлын алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгож нэмэхээр шийдвэрлэлээ. Ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, албажуулан, ирэх оны төсөвт тусгана. Онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэх техник, тоног төхөөрөмж, цаашлаад нисдэг тэрэг, дрон, техник хэрэгслийн хангамжийг сайжруулахад анхаарна" гэв.
Эдийн засаг хүнд байгаа ч тоног төхөөрөмжийн шинэчлэлтэй холбоотой ОБЕГ-аас тавьсан саналыг гадаадын зээл тусламж болон дотоодын нөөц бололцоонд тулгуурлан энэ жилдээ багтааж хэрэгжүүлэхээр болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!