Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2025 оны долдугаар сарын 9-ний өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэн баталсан юм.
Харьяатын тухай хуулийн есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болно.” гэж заасан.
Тэгвэл уг заалтад олимпын наадмын хөтөлбөрт багтах спортын төрөлд онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч тус хуульд заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болох агуулгыг нэмэлтээр оруулж, дэлхийн түвшинд онцгой амжилт гаргах чадамжтай гадаадын тамирчдыг Монгол Улсын харьяат болгох эрх зүйн зохицуулалтыг тусгав.
Тодруулбал "1 дүгээр зүйл.Харьяатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "мэргэшил эзэмшсэн," гэсний дараа "олимпын наадмын хөтөлбөрт багтах спортын төрөлд, эсхүл" гэж нэмсүгэй" гэж заажээ.
Ингэснээр олон улсын нэр хүндтэй тамирчдыг Монгол Улсын нэрийн өмнөөс олимп, тив, дэлхийн тэмцээн уралдаанд оролцуулах, дотоодын тамирчид тэдний мэдлэг, ур чадвараас хуваалцах, туршлага солилцох зэрэг боломж бүрдэж байна.
Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!