Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын ариун цэврийн өрөөг засварлаж, иргэдэд хүртээмжтэй, эмнэлгийн ажилтан болон үйлчлүүлэгчдэд тав тухтай, стандартын шаардлага хангасан орчин бүрдүүлэх зорилгоор “Эрүүл мэндийн яам” болон “Премиум Нэксус” ХК хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа боллоо.
Гарын үсэг зурах ёслолд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, “Премиум Нэксус” ХК-ийн Борлуулалт, үйлчилгээний газрын захирал Ц.Номинзол нар оролцож, хамтын ажиллагааг баталгаажуулсан юм.
Санамж бичгийн хүрээнд “Премиум Нэксус” ХК нь төрийн өмчийн эмнэлгүүдийн ариун цэврийн өрөөний бодит хэрэгцээ, тулгамдсан нөхцөлийг судлан, үе шаттайгаар засвар шинэчлэл хийж, шаардлагатай хөрөнгө оруулалт, хандивын дэмжлэг үзүүлэн ажиллахаар боллоо. Энэ ажлын эхний шатны хүрээнд улсын зарим эмнэлгийн ариун цэврийн өрөөнүүдийн засварын ажил аль хэдийн эхэлж, бодит өөрчлөлтүүд гарч эхлээд байна.
Энэ нь өдөр тутам эмнэлгийн үйлчилгээ авдаг үйлчлүүлэгчдэд олон улсын стандартад нийтсэн зохион байгуулалттай, ариун цэврийн шаардлага хангасан, хүртээмжтэй ариун цэврийн өрөө ашиглах боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ, эмнэлгийн ажилтнуудад тав тухтай ажлын байрны нөхцөл бүрдүүлэх давуу талтай гэж талууд онцолсон юм.
“Премиум Нэксус” ХК нь бизнесийн амжилтаа нийгмийн хариуцлагатай уялдуулж, олон нийтэд шууд хэрэгтэй, бодит үр дүн авчрах төсөл хэрэгжүүлэхийг зорьдог бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь түүний тод жишээ болж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!