Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп гэргийнхээ Путинд бичсэн захиаг нийтэд үзүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп өөрийн гараар бичсэн захиаг нөхрөөрөө дамжуулан Баасан гарагт Аляскад хүрэлцэн ирсэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний гарт хүргүүлсэн юм байна.

Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр энэ захианы агуулгыг сошиал хуудсандаа дэлгэжээ.

Тэргүүн хатагтай захиандаа хүүхдүүд, хойч үеийнхнийгээ хамгаалах цаг ирснийг Путинд сануулсан байна.

“Аль нэг улсын хөдөө тосгонд төрсөн, эсвэл том хотын төвд төрснөөсөө үл хамаараад хүүхэд бүр зүрх сэтгэлдээ ижил хүсэл мөрөөдөл чимээгүйхэн тээж явдаг юм. Тэд хайр, боломж, аюулгүй тайван амьдралыг мөрөөддөг” гэж Меланиа захиандаа бичжээ.

зураг
 

Тэрбээр хүүхэд бүр энэ дэлхийд ирэхдээ үндэс угсаа, улс төрийн үзэл, шашин шүтлэгээс үл хамааран цэвэр ариун сэтгэлтэй төрдөг талаар сануулсан байна.

“Гэвч өнөөгийн дэлхий ертөнцөд зарим хүүхдүүд харанхуйгаар хүрээлэгдэж, инээмсэглэлээ нуухаас өөр аргагүй нөхцөлд амьдарч байна” гэж Меланиа бичжээ.

Хүүхдүүдийг аюулаас хамгаалах нь “зөвхөн Орос улсын төлөө” биш, нийт хүн төрөлхтний төлөө үйл хэрэг болохыг тэргүүн хатагтай бичсэн байна.

“Ийм зоримог санаа бүх талцал, хуваагдлыг давж гарахад нь хүн төрөлхтөнд туслах болно. Харин ноён Путин та өнөөдөр энэ санааг үзэгний үзүүрээр хэрэгжүүлэх боломжтой. Цаг нь болсон” гэж Меланиа бичжээ.

Тэргүүн хатагтайн захиаг ерөнхийлөгч Трамп өнгөрсөн Баасан гарагт Аляскад ОХУ-ын ерөнхийлөгчтэй уулзахдаа гардуулсан юм байна.

 

Эх сурвалж: ABC News