Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

"ДЦС-4 ТӨХК-ийн захирал Ү.Төмөрхуягаас болж 300 гаруй иргэний эрх ашиг хөндөгдөж байхад сэтгэл зоволгүй ажлаа хийж явна"

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ДЦС-4 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуягаас болж хохирсон гэх 300 орчим иргэний төлөөлөл "Монгол Ньюс" мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа. 

Тэдний зүгээс ДЦС-4 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуягийг албан тушаалаас нь чөлөөлөх шаардлагыг Эрчим хүчний сайдад хүргүүлэх тухайгаа хэлж байлаа. 
Мөн ёс зүйн зөрчил гаргасан, орлогоо нуун дарагдуулсан, мөнгө угаасан байж болзошгүй түүний үйлдлийг шалгуулах зорилгоор Авлигатай Тэмцэх Газарт өргөдөл өгнө гэдгээ мэдэгдэв. 

Уг асуудлаар хохирсон иргэдийн төлөөлөл дараах байр суурийг илэрхийллээ. 



Тэд хэлэхдээ "Бид ДЦС-4 ТӨХК-ийн дарга Ү.Төмөрхуягтай холбоотой мөнгө угаасан, хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан асуудлыг хөндөж мэдээлнэ.

Түүнээс болж 300 гаруй оршин суугчийн эрх ашиг хөндөгдөөд байгаа. 

Өөрөөр хэлбэл Дорнод аймагт баригдсан “Элит товер” гэх 16 давхар барилгын оршин суугчид болох 70 өрх айлын эрх ашиг Ү.Төмөрхуяг гэдэг хүнээс болж хөндөгдөж байна. 

Энэ хүн Хөрөнгө Орлогын Мэдүүлэг (ХОМ)-ээ мэдүүлээгүй, нуун дарагдуулсан, татвараас зайлсхийсэн, оршин суугчдын гэрчилгээг гаргахгүй гацааж байгаа. 

Тухайн барилгыг барьсан компанитайгаа маргаан үүсгэсний улмаас дунд нь оршин суугчид хохироод зогсохгүй хүүхдүүд нь хүртэл сургуульд орж чадахгүй явна. Харьяалал бүртгэгдээгүй шалтгаанаар оруулж чадахгүй ийм хүнд нөхцөл байдалд иргэдийг түлхэн оруулсан.

Энэ маргааны улмаас иргэд хохирч байна" гэдгийг хэллээ. 

Үргэлжлүүлэн "Түүнтэй холбоотой 1.2 тэрбум төгрөгийн асуудал бий. 

Ү.Төмөрхуяг нь 2012 онд 1.2 тэрбум төгрөгийг бусдад зээлүүлсэн гэдэг. Энэ их мөнгө үнэхээр түүний өөрийнх нь мөнгө мөн үү?

Хэрвээ мөн бол эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэлтэй. Яагаад гэвэл 1.2 тэрбум төгрөгийг ХОМ-тээ мэдүүлээгүй, нуун дарагдуулжээ. 

Төрийн албан хаагчийн ёс зүй, хэр хэмжээ, сахилга батыг чанд сахиулна гэдгийг Ерөнхий сайд хэлж байсан. Тэгвэл одоо энэ хүнээсээ эхлэх хэрэгтэй.

Бусдад маш өндөр хүүтэй мөнгө зээлүүлдэг, мөнгө угаадаг. Мөн орлогоо нуун дарагдуулсан байж болзошгүй зэрэг олон асуудал бий.

Улаанбаатар хотын иргэдийн толгой дээр сандайлаад суух эрх зүй энэ хүнд байхгүй гэж үзэж байгаа. Тиймээс албан тушаалаас нь чөлөөлөх тухай шаардлагыг Б.Чойжилсүрэн сайдад илгээж байна. 

Үүний зэрэгцээ ёс зүйн зөрчил ч бий. 

Түүний эхнэр н.Оюунгэрэл нь бүртгэлгүй дугаараас УИХ-ын гишүүн, сайд асан Х.Болорчулуун руу залгаж “Би танаас жирэмсэн болчихлоо” гэж мессэж бичиж, шантаажлахыг оролдсон. Энэ үйлдэл нь өөрөө эрүүгийн заалттай гэмт хэрэг. Үүнийг хуулийн байгууллага нь шийдэж өгөх байх гэж бодож байгаа.

Тухайн үед хууль цагдаагийн байгууллагаас гэрт нь нэгжлэг хийхэд Ү.Төмөрхуягийн эхнэр н.Оюунгэрэл нь бүртгэлгүй утасны дугаартай гар утсаа дотоожиндоо хийж нуусныг цагдаагийн байгууллага илрүүлсэн. Энэ мэт ёс бус үйлдэл нь төрийн албанд байж болохгүй. 

Ү.Төмөрхуяг нь

  • ХОМ-ээ нуун дарагдуулсан.
  • Их хэмжээний мөнгө угаасан.
  • Бусдад хүүтэй мөнгө зээлүүлсэн байж болзошгүй гэдэг утгаар шалгуулахыг хүсэж байгаа юм.

300 гаруй иргэний эрх ашиг хөндөгдөж байхад ямар ч сэтгэл зоволгүйгээр ажлаа үргэлжлүүлж буй нь хариуцлага хүлээлгэх гол шалтгаан" гэв.