Ирак улсын эрх баригчид Мосул хотын ойролцоо оршдог олон мянган хүнийг бөөнд нь оршуулсан булшийг малтаж эхэлжээ.
Энэ нь Исламын Улс террорист байгууллагын үйлдсэн гэмт хэргийн томоохон баримт юм.
Эхний шатанд булшны өнгөн хөрсийг хуулах ажил наймдугаар сарын 10-ны өдөр эхэлснийг уг төслийн удирдагч Ахмед аль-Ассади өчигдөр сэтгүүлчдэд танилцуулжээ. Энэ үеэр тэр малтлагын үеэр гарсан хүний гавлын яснуудыг үзүүлсэн байна.
Булш олдсон Хасфа хэмээх нэртэй энэ газар нь Иракийн хойд бүсийн Мосул хотын ойролцоо оршдог.
Энэ хот 2017 оныг хүртэл Исламын Улс бүлгийн тунхаглан зарласан халифат улсын нийслэл байжээ.
Албан ёсны нарийн тоо байхгүй ч Хасфад 4,000 орчим хүний цогцсыг булшилсан байж болзошгүй гэж үздэг.
Террорист байгууллага оршин тогтнох хугацаандаа Иракийн нутагт олон арван ийм булш байгуулсны хамгийн том нь Хасфа байж магадгүй гэсэн дүгнэлтийг 2018 онд НҮБ гаргаж байжээ.
Хохирогчдын дотор террористуудын цаазалсан засгийн газрын цэргүүд, язиди үндэстний цөөнхийн гишүүд, Мосул хотын иргэд байсан юм.
Хөрсөн доорх хүхэрлэг ус булш малтах ажлыг хүндрүүлж байгаа талаар Ассади өчигдөр мэдээлжээ.
Ийм ус хөрсийг идэхээс гадна түүн доор агуулагдаж буй шарилуудыг муутгаж, ДНХ шинжилгээгээр хохирогчдыг таниулах ажилд саад болж болзошгүй байгаа гэнэ.
Хасфагийн булшны нүх 110 метр өргөн, 150 метр гүн хэмжээтэй юм байна.
Энд 2016 онд террористууд нэг өдрийн дотор Иракийн дотоод хэргийн яамны 280 ажилтныг цаазалсан нь тэдний үйлдсэн хамгийн аймшигт аллагуудын нэгд тооцогддог.
Исламын Улс байгууллага 2014 онд богино хугацаанд Ирак, Сирийн нутаг дэвсгэрийн томоохон хэсгийг эзлэн авч, шашны хатуу хуультай улсыг байгуулж байв. 2017 онд бут цохигдохдоо тэд 12,000 орчим хүнийг бөөнд нь оршуулсан 200 гаруй булш үлдээсэн гэж НҮБ үздэг.
Иракийн эрх баригчид террористуудын байгуулсан булшнаас гадна 2003 онд АНУ-ын оролцоотой түлхэгдэн унасан Саддам Хуссейний дэглэмийн үеийн булшнуудыг нутаг дэвсгэрээсээ илрүүлсээр байгаа юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!