Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр Зеленскийг Трамптай уулзахад Европын удирдагчид дагалдахаар болжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу Даваа гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар Вашингтонд хүрэлцэн очих гэж байна.

Баасан гарагт АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нар Украины дайныг дуусгах асуудлаар Аляскад уулзсан юм.

Энэ уулзалтад Зеленский болон Европын удирдагчид оролцоогүй.

Тэгвэл Ням гарагт Брюссель хотод Зеленскийтэй уулзсан Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен дээрх айлчлалд Украины ерөнхийлөгчийг Европын зарим удирдагчид дагалдахаар болсныг мэдэгджээ.

Германы засгийн газар айлчлалын бүрэлдэхүүнд канцлер Фридрих Мерц багтахаар болсныг баталсан байна.

Түүнээс гадна Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Их Британийн ерөнхий сайд Кэйр Стармер, Финландын ерөнхийлөгч Александер Стубб нар Зеленскийтэй зам нийлэхээр болжээ.

Баасан гарагийн уулзалтын үеэр Трамп, Путин нар ямар тохиролцоонд хүрсэн талаар мэдээлэл хомс байгаа.

Ямартай ч өнөөдөр Трамп уулзалтын үеэр ярилцсан зүйлсийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Зеленский болон Европын удирдагчдад өгөх бололтой.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Орос, Украины талууд харилцан нэгнийхээ эсрэг агаарын довтолгоогоо үргэлжлүүлсээр байв.

Тухайлбал Оросын арми 60 нисгэгчгүй онгоц болон нэг Искандер пуужингаар довтолсныг Украины агаарын зэвсэгт хүчин Ням гарагт мэдээлжээ.

Энэ үеэр Украины хяналтад байгаа Донецк мужийн нутагт таван хүн алагдсаныг орон нутгийн удирдлага мэдээлсэн байна.

ОХУ-ын батлан хамгаалах яам Украины тал 46 нисгэгчгүй онгоцоор голдуу хил орчмын бүс нутгуудад, бас Москвагаас зүүн зүгт хилээс олон зуун километрийн зайд оршдог Нижний Новгород мужид довтолсныг мэдээлжээ.

Хил орчмын Курск мужийн захирагч Александр Хинштейн уг халдлагын улмаас автомашинтай явж байсан нэг эрэгтэй алагдсаныг мэдээлжээ.

Воронеж мужийн захирагч Александр Гусев төмөр замын нэг ажилчин Украины дроны халдлагын үеэр шархадсаныг бас баталсан байна.

 

Эх сурвалж: AFP