Сүүлийн хоёр өдөр үргэлжлэн орсон их устай аадар бороо болон гэнэтийн үерийн улмаас Пакистан улсын баруун хойд бүс нутагт 307 хүний амь үрэгдэж, олон зуун хүн сураггүй болсон тухай орон нутгийн гамшигтай тэмцэх алба Бямба гарагт мэдээлжээ.
Тус улсын Хибер Пактунхва мужийн алслагдсан уулархаг нутаг энэхүү байгалийн гамшгийн голомт болсон байна.
Энэ долоо хоногийн турш хөрш Энэтхэг, Балба улсуудад бас хүчтэй аадар борооны улмаас хүний амь эрсэдсэн олон тохиолдол бүртгэгдээд байгаа.
Хибер Пактунхва мужийн уулсаас буусан үерийн ус Пакистаны нийслэл Исламабад хотын хойд хэсэгт оршдог Бунер дүүргийг дайран урсахад 184 хүний амь үрэгджээ.
Баасан гарагт Пакистаны ерөнхий сайд Шехбаз Шариф засгийн газрын шуурхай хуралдаан зарлаж, гамшигт нэрвэгдсэн бүс нутагт аврах ажиллагаа зохион байгуулах ажлыг эхлүүлсэн байна.
Тухайн өдөр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан аврах ажиллагаанд оролцож байсан нэг нисдэг тэрэг осолдоход таван хүн амиа алджээ.
Сүүлийн жилүүдэд Пакистанд цаг агаарын эрс тэс үзэгдлийн давтамж, хор хохирол улам нэмэгдэж байгааг тус улсын цаг уурын албаны тэргүүн Захер Бабар анхааруулсан байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!