Өөрийнх нь бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад Тайваньд цэрэг зэвсгийн хүчээр халдахгүйг Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин амласан тухай АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ярьжээ.
Тэрбээр Баасан гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй уулзахынхаа өмнөхөн Fox News сувагт өгсөн ярилцлагадаа үүнийг дурдсан байна.
“Хятадын ерөнхийлөгч Ши болон Тайванийн хооронд тун төстэй нөхцөл байдал үүссэнийг та мэдэж байгаа. Гэхдээ намайг энд байгаа цагт тийм зүйл болохгүй. ‘Таныг ерөнхийлөгч байх хугацаанд би тийм зүйл хийхгүй’ гэж ерөнхийлөгч Ши надад хэлж байсан. Би хариуд нь талархал илэрхийлэхэд тэр ‘би маш их тэвчээртэй хүн, Хятад улс ч бас адил’ гэж хэлсэн” гэж Трамп ярьжээ.
Хоёр дахь бүрэн эрхийн хугацаа нь эхэлснээс хойш анх удаа зургаадугаар сард Трамп, Ши Жиньпин нар утсаар ярьж байв.
Гэхдээ дөрөвдүгээр сард Трамп бас Хятадын төрийн тэргүүн өөртэй нь утсаар ярьсан тухай мэдээлж байсан ч энэ нь албан ёсоор батлагдаагүй.
Сүүлийн ярилцлагадаа тэр яг хэзээ ийм яриа болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Хятад улс нь Тайвань арлыг өөрийн нутаг дэвсгэрийн салшгүй хэсэгт тооцож, “эх оронд нь буцааж нэгтгэх” сонирхлоо байнга илэрхийлдэг. Ингэхдээ цэрэг зэвсгийн хүч хэрэглэх боломжийг ч үгүйсгэдэггүй.
Хэдийгээр Вашингтон нь Тайванийн зэвсгийн гол нийлүүлэгч, олон улсын дэмжигч боловч дэлхийн ихэнх улс орнуудын нэгэн адил “нэг Хятад” зарчмыг баримталж, тус арлын захиргаатай албан ёсны дипломат харилцаагүй байдаг.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!