Повер банктай холбоотой хэд хэдэн гал түймрийн дараа Хятадын эрх баригчид лити-ион төрлийн батарей үйлдвэрлэгчдээс аюулгүй байдлын гэрчилгээг заавал авахыг шаардаж эхэлжээ.
Тухайлбал өнгөрсөн Баасан гарагаас эхлэн Хятадын зах зээлд ийм төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, түгээхдээ CCC (China Compulsory Certification) буюу 3C гэрчилгээг заавал авсан байх шинэ журмыг нэвтрүүлж байгаагаа тус улсын Зах Зээлийн Зохицуулалтын Төрийн Удирдлагын газар мэдээлсэн байна.
Энэхүү журам нь өмнө үйлдвэрлэгдсэн “CCC” гэрчилгээгүй бүтээгдэхүүнүүдийг шууд хориглоогүй ч нийтийн тээврийн хэрэгсэл, олон нийтийн газарт ашиглахыг хориглох эхлэл байж магадгүй юм.
Хятадын иргэний агаарын тээврийн захиргаа ийм хоригийг хэдийнээ нэвтрүүлээд байгаа.
Хятад улс “CCC” гэрчилгээг олгодог болоод удаж байгаа ч өнөөдрийг хүртэл заавал авахыг үйлдвэрлэгчдээс шаарддаггүй байсан юм.
Шэнжэн хотод үйл ажиллагаа явуулдаг повер банкны томоохон үйлдвэрлэгч Romoss Technology компанийн бүтээгдэхүүнтэй холбоотой галын осол хэд хэдэн удаа гарсны дараа тус компани өнгөрсөн сард үйлдвэрлэлээ зогсоож байв.
Тухайлбал Бээжингийн нэг их сургуулийн дотуур байранд, Хонконг чиглэлийн нисэх онгоцонд тус компанийн бүтээгдэхүүнтэй холбоотой гал гарч байжээ.
Эх сурвалж: South China Morning Post
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!