Даваа гарагт Вашингтон хотноо АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар болсноо Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр мэдээлжээ.
Баасан гарагт Аляскад болсон АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нарын уулзалтаас Украины дайныг зогсоох чиглэлд тодорхой ахиц дэвшил гараагүй билээ.
Уг уулзалтын дараа Трамптай утсаар “урт бөгөөд бодитой” яриа өрнүүлснээ Зеленский өчигдөр бас мэдээлжээ.
Тэрбээр Трампын урилгад талархал илэрхийлээд “Аллага, дайныг зогсоох асуудлаар бүх нарийн ширийн зүйлсийг ярилцах болно” гэж хэлсэн байна.
Ингэхдээ Зеленский бас Украины нэгэн адил Баасан гарагийн уулзалтад оролцоогүй Европын орнуудыг энх тайван тогтоох үйл явцад татан оролцуулахын чухлыг онцолжээ.
“Америктай хамтран аюулгүй байдлын найдвартай баталгааг хангахын тулд Европчууд үе шат бүрд оролцох нь чухал” гэж тэр хэлсэн байна.
Баасан гарагт Трамп улаан хивс дэвсэн Путинийг угтаж авсан хэдий ч дөрөв дэх жилдээ үргэлжилж буй дайныг зогсоох тал дээр ямар нэг ахиц дэвшил гараагүй юм.
Уулзалтын дараа Путин хоёр удирдагч Украины асуудлаар “ойлголцолд хүрсэн” гэж мэдэгдээд энэхүү ахиц дэвшилд саад болохгүй байхыг Европын орнуудад анхааруулж байв.
Харин Трамп “тохиролцоонд хүрэх хүртэл ямар ч гэрээ байхгүй” гэж хэлсэн юм.
Аляскаас буцахын өмнө Fox News сувагт ярихдаа Трамп үлдсэн зүйл нь Зеленскийн хийх ажил байх, Европын орнуудын оролцоо ч хэрэгтэй болж магадгүй гэж хэлжээ.
Тэрбээр Вашингтон хүртэл нисэхдээ сэтгүүлчидтэй уулзаагүй юм.
Трампын онгоцыг газардаж байх үед Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт ерөнхийлөгч нь Зеленскийтэй утсаар удаан ярилцсаны дараа НАТО-гийн удирдлагуудтай ярьсныг сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Трамп нисэх замдаа Зеленский, Германы канцлер Фридрих Мерц, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Их Британийн ерөнхий сайд Кэйр Стармер, Италийн ерөнхий сайд Жоржа Мелони, Финландын ерөнхийлөгч Александр Стуб, Польшийн ерөнхийлөгч Карол Навроцки, Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте нартай утсаар ярьсныг Европын Холбооны хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн ч ярианы агуулгын талаар мэдээлэл өгөөгүй юм.
Оросын албаныхан болон хэвлэлүүд Аляскын уулзалтын талаар нэлээд эерэг өнгө аястай мэдээлж байна. Зарим нь Баасан гарагийн уулзалтыг Путиний ганцаардлын төгсгөл гэх мэтээр тайлбарлажээ.
Уулзалтын дараа ч Украины хотуудыг чиглэсэн Оросын агаарын довтолгоо үргэлжилсэн байна.
Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнө Оросын талаас нэг баллистик пуужин, 85 нисгэгчгүй онгоцоор довтолсны 61-ийг нь устгаснаа Украины агаарын зэвсэгт хүчин мэдээлжээ. Фронтын шугам дээр Сумы, Днипропетровск, Донецк, Чернихов чиглэлд тулаан үргэлжилсэн байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!