Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

500 жилийн өмнө Испанийн байлдан дагуулагчийн бичсэн захиаг АНУ-аас Мексикт буцааж өгчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Одоогоос 500 орчим жилийн өмнө Испанийн байлдан дагуулагч Эрнан Кортесын бичсэн захиа хулгайлагдсан байсныг АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо саяхан Мексик улсад буцааж өгчээ.

1527 онд бичсэн энэ захиа 1985-1993 оны хооронд Мексикийн үндэсний архиваас алдагдсан 15 хуудас бичиг баримтын нэг болохыг АНУ-ын мэргэжилтнүүд шинжилж, тогтоосон юм байна.

Уг захидалд конквистадоруудын цаашдын экспедицийн зардлын талаар бичиж, Кортес гарын үсгээ зурсан байжээ.

Кортес бол Ацтекийн эзэнт гүрний төгсгөлийг авчирч, Америк тивийг Испанийн колони болгох эхлэлийг тавьсан хүн юм.

Оргил үедээ Испанийн колонийн нутаг дэвсгэр Умард Америк тивийн баруун болон төв хэсгийг, Өмнөд Америк тивийн ихэнх хэсгийг хамарч байлаа.

Дээрх захиа Кортесыг “Шинэ Испани”-ийн захирагчаар томилох Испанийн эзэн хааны зарлиг гарсны дараахан бичигджээ.

Мексикийн засгийн газар архиваас хулгайлагдсан баримт бичгүүдийг олоход туслах хүсэлтийг 2024 онд АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоонд тавьж байсан юм.

Мөрдөгчид Кортесын захиаг яг хаанаас олсон, хураан авах үед хэний өмч байсан талаар мэдээлэл өгөөгүй байна.

Захиа хулгайд алдагдсанаасаа хойш хэд хэдэн хүний гар дамжсан байсан тул хэн нэгнийг буруутгах боломжгүй байгааг Холбооны Мөрдөх Товчооны урлагийн бүтээлийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны тусгай төлөөлөгч Жессика Диттмер хэлжээ.

Захиа “тухайн үед нээгдээгүй байсан газар нутгаар аялах төлөвлөгөө, бэлтгэл ажлын талаар үнэхээр сонирхолтой мэдээлэл” агуулдаг талаар тэр ярьсан байна.

Кортес энэ захиандаа зүүн болон өмнөд Азийн газар нутагт хүрэх аяллыг алтан песогоор санхүүжүүлэх төлөвлөгөөний талаар бичиж байжээ.

Эндээс испаничууд Ази тивд илүү хурдан хүрэх худалдааны зам хайж байхдаа Америк тивийг нээсэн нь харагдаж байна.

Тухайн үед Кортес нь Мексикийн баруун хойд хэсэг болон Баха Калифорни хойгийг судлахаар бэлдэж байжээ.

Холбооны Мөрдөх Товчоо хулгайд алдагдсан бусад гар бичмэлүүдийг олж илрүүлэх, Мексикийн талд буцааж өгөх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ.

Кортесын гарын үсэгтэй өөр нэг баримт бичгийг Холбооны Мөрдөх Товчоо 2023 онд Мексик улсад буцаан өгч байв.

 

Эх сурвалж: BBC