Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын гэргий Байдены хүүг шүүхэд өгөхөөр сүрдүүлэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа өөрийг нь секс боолчлогч агсан Жефри Эпштейнтэй холбосон мэдэгдэлтэй холбогдуулан ерөнхийлөгч асан Жо Байдены хүү Хантер Байденыг шүүхэд өгөхөөр сүрдүүлжээ.

Саяхан Британийн сэтгүүлч Эндрю Каллагантай хийсэн ярилцлагадаа Хантер Байден одоогийн тэргүүн хатагтайг Трамптай анх танилцуулсан хүн Эпштейн болохыг баталсан юм.

зураг
 
Хантер Байден

“Меланиаг Трамптай танилцуулсан хүн бол Эпштейн. Тэдний хэлхээ холбоо маш өргөн, гүн гүнзгий юм” гэж Хантер ярьжээ.

Ингэхдээ тэр ярьсан зүйлээ үнэн болохыг зохиолч Майкл Вольфын номд бичигдсэн баримтаар давхар баталсан юм.

Ерөнхийлөгч Трамп өнгөрсөн зургаадугаар сард Вольфыг номоо зарахын тулд үлгэр зохиодог “гуравдугаар зэрэглэлийн сэтгүүлч” хэмээн доромжилж байв.

Ярьсан зүйлтэй нь холбогдуулан Меланиа Трампын өмгөөлөгч Алехандро Брито ерөнхийлөгч асны хүүд захидал илгээсэн нь өчигдөр ил болжээ.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт илгээсэн захидалдаа Хантерын ярьсныг худал хуурмаг, гүтгэлгийн чанартай зүйл гэж дүгнээд энэ нь тэргүүн хатагтайн нэр хүнд болон санхүүд асар их хохирол учруулах уршигтайг анхааруулсан байна.

Мөн ярьсан зүйлээ залруулж, уучлал гуйхгүй бол шүүхэд өгөхөө мэдэгджээ.

зураг
 
Трамп, Эпштейн нар найз бүсгүйчүүдийн хамт

Трамп, Меланиа нар өөрсдийгөө 1998 онд Нью-Йоркийн Хувцас Загварын долоо хоногийн үеэр моделийн агент Пауло Замполлигийн зуучлалаар танилцсан гэж ярьдаг.

Нөлөө бүхий хүмүүст залуу охидыг зуучилдаг байсан гэгддэг Жеффри Эпштейн 2019 онд шүүх хурлаа хүлээж байхдаа Нью-Йоркийн шоронд амиа хорлосон юм.

Трамп, Эпштейн нарыг 2000-аад оны эхээр дотно найзууд байсан гэдэг.

 

Эх сурвалж: Associated Press