Өчигдөр буюу Пүрэв гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гурван жил гаруй хугацаанд үргэлжилж буй Украины дайныг зогсоох үйлсэд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын гаргаж буй хүчин чармайлтыг магтсан байна.
Тэд өнөөдөр буюу Баасан гарагт АНУ-ын Аляска мужийн Анкориж хотод энэ асуудлаар уулзах юм.
Путиний засгийн газрын гишүүдтэйгээ хийсэн уулзалтын богино дүрс бичлэгийг өчигдөр Кремль олон нийтэд цацсан байна.
Уг бичлэгт тэр “дайсагналыг зогсоох болон дайтагч талуудын аль алиных нь ашиг сонирхолд нийцсэн тохиролцоонд хүрэхийн тулд нэлээд эрч хүчтэй ажиллаж, чин сэтгэлээсээ хүчин чармайлт гаргаж байгаа” хэмээн Трампын засаг захиргааг магтаж байгааг харуулжээ.
Путин бас АНУ-тай байгуулсан цөмийн зэвсгийг хянах хэлэлцээр “манай хоёр улс төдийгүй бүх Европ, цаашлаад дэлхий нийтэд урт удаан хугацааны энх тайван тогтоох нөхцөл болж чадна” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Өчигдөр Вашингтонд үг хэлэхдээ Трамп яриа хэлэлцээ бүтэлгүйтэх магадлалыг 25 хувьтай гэж мэдэгджээ.
Мөн Путинтэй хийсэн уулзалтын үр дүнгээс хамаараад дараа нь Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийг оролцуулсан гурван талт уулзалт Аляскад зохион байгуулах боломжтойг тэр хэлсэн байна.
Fox News сувагт өгсөн ярилцлагадаа Трамп уулзалтын үр дүн ямар байхаас шалтгаалан Аляскад удаан саатаж магадгүй талаар хэлжээ.
Үүнтэй зэрэгцэн Европын удирдагчид Аляскын уулзалтын үеэр өөрийн эрх ашгийг орхигдуулахгүй байхад санаа тавьсаар байна.
Тухайлбал өчигдөр Лондон хотноо ерөнхийлөгч Зеленскийг угтаж авсан Их Британийн ерөнхий сайд Кэйр Стармер тус улс Украиныг тууштай дэмжиж байгааг дахин илэрхийлсэн юм.
Өмнөх өдөр нь Европын удирдагчид болон Зеленский нар видео холбоогоор АНУ-ын ерөнхийлөгч Трамптай ярилцаж, Аляскын уулзалтын үеэр баримтлах байр сууриа нэгтгэж байв.
Гэхдээ тэд энэ уулзалтаар Трамп өөрсдийнх нь эрх ашгийг орхигдуулж, Москвад ашигтай буулт хийхээс болгоомжилсон хэвээр байна.
Өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ уулзалтаас ямар нэг томоохон үр дүн хүлээх хэрэггүй, уулзалтын үеэр ямар ч баримт бичигт гарын үсэг зурах төлөвлөгөө байхгүйг анхааруулжээ.
Уулзалт орон нутгийн цагаар Баасан гарагийн өглөөний 11:30 цагт (Улаанбаатарын цагаар Бямба гарагийн шөнийн 03:30 цагт) эхлэхийг тэр мэдээлсэн байна.
Эхлээд Путин, Трамп нар ганцаарчлан уулзсаны дараа талуудын төлөөлөгчид оролцсон уулзалт үргэлжлэхийг Путиний гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков мэдээлжээ.
Уулзалтын дараа хамтарсан хэвлэлийн хурал зохион байгуулагдахыг тэр бас баталсан юм. Харин Трамп өчигдөр ярихдаа ямар нэг хэвлэлийн хурал төлөвлөгдөөгүйг хэлсэн нь дээрх мэдэгдэлтэй зөрчилдөж байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!