Улс, орон нутгийн чанартай замын бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн явцтай Ерөнхий сайд Г.Занданшатар болон холбогдох албаныхан газар дээр нь танилцаж байна.
Тухайлбал өнгөрсөн сарын 25-нд Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн авто зам, өчигдөр буюу наймдугаар сарын 7-нд Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын ажлын явцтай танилцсан.
Харин өнөөдөр манай улсын аялал жуулчлалын гол маршрутын нэг болох Баянхонгор-Шаргалжуут чиглэлд тавьж буй хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дотоодын гурван компани гүйцэтгэж байгаа юм. Автозамын ажлыг хоёр багцад хуваасан. Багц нэгийг "Бридж бюлдинг" ХХК, "Их богд зам" ХХК /эхний 25 км/, багц хоёрыг "Их харгуйн зам" ХХК /29.2 км/ хариуцжээ. Ирэх оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна. Замын ажлыг энэ онд багтаан 40 хувьд хүргэнэ гэж гүйцэтгэгч компанийнхан танилцууллаа.
Баянхонгор аймаг, мөн тус аймгийн Өлзийт, Эрдэнэцогт сумыг дайран өнгөрөх тус замаар жилдээ зөвхөн Шаргалжуут рашааныг зорьж 10 мянган хүн зорчдог. Харин амарч, аялангаа энэ чиглэлд дунджаар 5,000 хүн зорчиж, дамжин өнгөрдөг байна. Замтай болсноор аялагч, амрагч, сувилуулагчдын тоо хоёр дахин нэмэгдэнэ. Ингэснээр нутгийн иргэдийн бодит орлого нэмэгдэж, энэ бүсэд аялал жуулчлал түлхүү хөгжих, шинэ гарц нээгдэх боломж нээгдэнэ. Дээрх замын бүтээн байгуулалтыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу барьж байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!