Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Галт уулын дэлбэрэлтэд сүйрсэн Помпей хотын балгасанд хүмүүс дахин суурьшиж байсныг археологичид баталжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Галт уулын дэлбэрэлтийн улмаас сүйрсэн эртний Ромын Помпей хотод хүмүүс дахин суурьшиж байсныг шинэ олдворуудаар баталснаа Италийн археологичид Лхагва гарагт зарлажээ.

Өөр газарт шинэ амьдрал эхлүүлж чадаагүй амьд үлдсэн уугуул оршин суугчид болон шинээр ирсэн хүмүүс хэсэг хугацаанд Помпейд зэрэгцэн амьдарч байсан гэж тэд үзэж байна.

Везувийн галт уул Нийтийн Тооллын 79 онд дэлбэрэхээс өмнө Помпей хот 20,000 гаруй оршин суугчтай байсан гэдэг.

Үнс нурманд дарагдсан хотын туурийг 16 дугаар зуунд анх илрүүлж байсан юм.

Өмнө нь судлаачид Помпейд хүмүүс дахин суурьшиж байсан байж магадгүй гэж таамагладаг байсан бол энэ удаа шинэ олдворуудаар баталсан юм байна.

“Шинэ малтлагын ачаар одоо дүр зураг илүү тод болж байна. 79 оноос хойш Помпей хот дахин сэргэж байжээ. Гэхдээ урьдынх шигээ хот биш, балгасан дундах саарал хуаран хэлбэртэй байсан байна” гэж Помпейн археологийн хүрээлэнгийн захирал Габриэл Зуктригел хэлжээ.

Археологичдын үзэж байгаагаар шинэ суурьшил тавдугаар зууныг хүртэл оршин тогтнож байсан гэнэ.

Тухайн үеийн Ромын хотууд шиг дэд бүтэц, нийтийн үйлчилгээгүй болсон Помпейд олз ашиг хайгчид ихэнхдээ цугларч байсан гэж дүгнэжээ.

Тэд барилгуудын дээд давхарт амьдарч, үнс нурманд булагдсан доод давхруудыг зоорь болгон ашиглаж байсан гэнэ. Галт уулын дэлбэрэлтээс үлдсэн эд зүйлсийг тонож дууссаны дараа хотын эдийн засгийн үндэс алга болсноор дахин эзгүйрсэн гэж археологичид үзэж байна.

Помпей хотын балгас одоо дэлхийн аялал жуулчлалын томоохон төвүүдийн нэгд тооцогддог бөгөөд эртний Ромын аж амьдралыг дахин харах боломж олгодог юм.

 

Эх сурвалж: BBC