Сүүлийн жилүүдэд дэлхийн агаарын тээвэрт нислэгийн үеэр тохиолдсон хүчтэй донсолгооны улмаас зорчигчид бэртэж гэмтэх явдлын давтамж нэмэгдэж байгаа.
Дундаас дээш аюулын зэрэглэлтэй донсолгоо жилд хэдэн арван мянган удаа бүртгэгддэг болоод байна.
Зөвхөн АНУ-д 2009-өөс 2024 оны хооронд 200 гаруй зорчигч ийм үзэгдлийн улмаас бэртэж, гэмтсэнийг тус улсын Тээврийн Аюулгүй Байдлын Үндэсний Зөвлөл мэдээлжээ.
Одоогоор донсолгооны үеэр зорчигч амиа алдсан тохиолдол ховор байгаа. Мөн суудлын бүсээ зүүсэн тохиолдолд эрсдэлээс бүрэн сэргийлж болж байгаа юм.
Тэгвэл ийм үзэгдлийг судалдаг Turbli сайт 10,000 гаруй агаарын тээврийн замыг судлаад манай гарагийн хамгийн их донсолгоотой нислэгийн чиглэлүүдийг гаргажээ.
Ингэхэд Өмнөд Америк, Ази тивүүдийн өндөр уулсын бүс нутгаар дайрдаг замууд хамгийн их донсолгоотой замаар шалгарсан байна.
Тухайлбал үүнд Андын нуруу, Хималайн нуруу орчмын нислэгүүд багтаж байгаа юм.
Агаар мандлын дээд хэсгийн салхины урсгалд өндөр уулс нөлөөлдөгтэй энэ нь холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
Тухайлбал Аргентины Мендоза хотоос Чилийн нийслэл Сантьяго хүрдэг зам дэлхийн хамгийн их донсолгоотой агаарын замаар шалгарчээ.
Дэлхийн хамгийн их донсолгоотой 10 агаарын замын ихэнх нь өндөр уулсын бүсийг дайрч байгаа нь судалгаанаас харагдсан байна.
Уулсаас гадна дараагийн нэг том шалтгаан нь агаар мандлын дээд хэсэгт хүйтэн, халуун агаарын урсгал мөргөлддөг бүс нутгуудад донсолгоо хамгийн их бүртгэгджээ.
Тухайлбал Энэтхэгийн далайг дайрдаг алсын нислэгүүд үүнд багтаж байна.
Ази тивийн хамгийн их донсолгоотой агаарын замуудын нэгээр Японы Натори болон Токонаме хотуудын хоорондын 500 км зам тодорчээ.
Учир нь Японы арлуудын дээр Сибирийн хүйтэн агаарын урсгал, Номхон далайн халуун агаарын урсгалтай тулгардаг нь үүнтэй холбоотой гэнэ.
Дэлхийн Хоёрдугаар дайны үед Японд хаясан бөмбөг уг үзэгдлийн нөлөөгөөр байнаасаа зөрдгийг Америкчууд анх нээж байсан тухай судлаачид энд дурдсан байна.
Уур амьсгалын өөрчлөлт агаар мандлын дээд хэсгийн халуун, хүйтэн агаар мөргөлдөх үзэгдлийг улам эрчимжүүлж байгаа.
Дэлхийн хамгийн их ачаалалтай агаарын замуудын нэг Атлантын далайн хойд хагаст 1979-өөс 2020 оны хооронд агаарын ийм үзэгдэл 55 хувиар өссөнийг 2023 онд нийтлэгдсэн судалгааны тайлан харуулж байв.
АНУ-ын эх газрын дээгүүр өнгөрдөг нислэгүүдийн хувьд энэ хугацаанд 41 хувиар өссөнийг дээрх судалгаа бас харуулжээ.
2017 онд гаргасан өөр нэг судалгаа зорчигчдыг бэртээж гэмтээх хэмжээний агаарын донсолгоо энэ зууны сүүлээр одоогийнхоос хоёроос гурав дахин өсөх тооцоо гаргасан байдаг.
Гэхдээ нөгөө талаар нисэх онгоц нь хүн төрөлхтний хамгийн аюулгүй тээврийн хэрэгсэл хэвээр байгааг судлаачид онцолж байна.
Нисэх онгоц бол агаарын ямар ч хүчтэй доргилт донсолгоог даахаар зохион бүтээгдсэн байдаг, мөн суудлын бүсээ байнга зүүж явахад эрсдэл үлэмж хэмжээгээр буурдгийг Turbli сайтын үүсгэн байгуулагч, шингэний динамикийн тооцооллын эксперт Игнасио Галлего Маркос тайлбарлажээ.
Үүнээс гадна агаарын энэ үзэгдлийн талаар судлаачдын ойлголт эрс сайжирсны үндсэн дээр 75 орчим хувийг нь урьдчилан таамаглах чадвартай болсныг Ридингийн Их сургуулийн цаг уур судлаач Жоана Медейрос ярьсан байна.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!