Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хувийн байрныхаа үнийг өсгөхийн тулд түрээслэгчдээ хөөсөн нь илэрсэн Их Британийн орон гэргүйчүүдийн сайд огцров

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Их Британийн засгийн газрын орон гэргүйчүүдийн асуудал эрхэлсэн сайд өөрийнх нь ёс зүйгүй үйлдэлтэй холбоотой дуулиан хэвлэлээр дэлгэгдсэний дараа огцрох хүсэлтээ гаргажээ.

“Үргэлж хууль дүрмийн дагуу ажиллаж, үүрэг хариуцлагаа нухацтай ухамсарладаг” байсан хэдий ч “засгийн газрыг мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд нь саад болохоор байгаа тул” огцрох шийдвэр гаргаж байгаагаа ерөнхий сайд Кэйр Стармерт бичсэн захидалдаа сайд Рушанара Али тайлбарласан байна.

Тэрбээр жил гаруй хугацаанд ажиллаж буй Кэйр Стармерын засгийн газраас огцорч буй дөрөв дэх сайд болжээ. Өмнө нь янз бүрийн шалтгаанаар Тээврийн сайд, Авлигатай тэмцэх сайд, Эрүүл Мэндийн сайд нар огцорч байсан юм.

Ерөнхий сайд түүний хүсэлтийг хүлээж авсан тухай мэдэгдэлдээ Орон сууцжуулалт, Орон нутгийн удирдлагын яамыг удирдахдаа хичээл зүтгэл гаргасанд нь талархал илэрхийлсэн байна.

зураг
 
Их Британийн ерөнхий сайд Кэйр Стармер

Али сайд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зүүн Лондонд байдаг хувийн эзэмшлийн орон сууцнаасаа дөрвөн түрээслэгчийг хөөн гаргасны дараахан түрээсийн үнээ 700 фунт стерлингээр өсгөж байсан талаар баримтыг “The i Paper” сонин Лхагва гарагт олж мэдээлсэн юм.

Үүний дараа сөрөг хүчин Консерватив намын дарга Кэвин Холлинрэйк “хоёр нүүр гаргасан” түүнийг албан тушаалаасаа огцрохыг уриалж байв.

Сүүдрийн засгийн газрын орон сууцжуулалтын сайд Жэймс Клэвэрли түүнийг огцорсны дараа “Хэрвээ ёс зүйгүй үйлдэл гаргасан нь үнэн бол хоёр нүүр гаргасныхаа төлөө тэр огцрох ёстой. Эрх баригч Хөдөлмөрийн намын бодлого ‘Миний хэлснээр хий, харин миний хийдэг шигээр биш’ болоод байна. Тэд ийм хандлагаар засгийн газрыг цаашид авч явж чадахгүй” гэж шүүмжилжээ.

Өөр нэг сөрөг хүчин Либерал Ардчилсан намын хэвлэлийн төлөөлөгч “Рушанара Али өөрийн үүргийг үндсэндээ буруу ойлгож байжээ. Тэр орон гэргүй хүмүүсийн зовлонг нэмэгдүүлэх биш, харин багасгах үүрэгтэй хүн юм” гэж мэдэгдсэн байна.

Сайдыг тойрсон дуулиан орон сууцны түрээсийн шударга бус үзэгдлийг арилгахын төлөө тэмцэхээ амлаж байсан Кэйр Стармерын засгийн газрын нэр хүндийг унагаж байна.

Түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалах “Generation Rent” хөдөлгөөний гүйцэтгэх захирал Бэн Туомей сайдын дуулианыг засгийн газар энэ чиглэлд үйл ажиллагаагаа сайжруулах шаардлагатай байгааг сануулсан “дохио” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

“Renter’s Reform Coalition” байгууллагын захирал Том Дарлинг “Удахгүй хууль бус гэж үздэг болох гэж байгаа түрээсийн үнээ өсгөхийн тулд түрээслэгчдийг албадан гаргадаг үйлдлийг орон гэргүйчүүдийн асуудал хариуцсан сайд өөрөө гаргасан нь үнэхээр сэтгэл түгшээж байна” гэж ярьсан юм.

Удахгүй Их Британийн парламентаар батлагдаж магадгүй байгаа хуулийн төсөлд өмчийн эзэн байраа зарахын тулд түрээслэгчдийг албадан гаргахыг зарахаас өмнөх зургаан сарын хугацаанд хориглох заалт орох гэж байгаа юм байна.

 

Эх сурвалж: DPA