Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Прокурорууд Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асныг баривчлах хүсэлт гаргажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кон Хийг баривчлах хүсэлтийг түүнтэй холбоотой гэмт хэргүүдийг шалгаж буй прокурорын тусгай баг өчигдөр гаргажээ.

Түүнийг Хөрөнгийн Зах зээлийн тухай хууль, Улс төрийн санхүүжилтийн тухай хууль зөрчиж, бусдад зуучлах зорилгоор авлига авсан хэрэгтэй нь холбогдуулан баривчлах хүсэлт гаргаснаа тусгай багийн ахлагч Ми Жүн Ки мэдэгдсэн байна.

Ирэх Мягмар гарагт Сөүл хотын төв тойргийн шүүх баривчлах хүсэлтийг хэлэлцэж, шийдвэрээ гаргахаар болжээ.

Одоо шоронд хоригдож буй экс ерөнхийлөгч Юн Сүк Ёлын гэргий Ким Кон Хи өнгөрсөн Лхагва гарагт прокурорын тусгай багийн ажлын байранд анх удаа хүрэлцэн ирж, хувьцааны хууль бус арилжаа явуулсан, 2022 оны парламентын нөхөн сонгуулийн нэр дэвшигчдийг сонгоход нөлөөлсөн, Эв Нэгдлийн Сүм шашны байгууллагын бизнесийг дэмжихийн тулд авлига авсан зэрэг асуудлуудаар байцаалт өгсөн юм.

Ким Кон Хи өөрт нь тулгасан хэргүүдийг бүхэлд нь няцааж байгаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар бол гэмт хэргийн баримтыг устгах, оргон зайлах эрсдэлтэй гэж үзсэн тохиолдолд шүүх баривчлах шийдвэр гаргадаг юм.

Прокурорын тусгай баг одоо тэргүүн хатагтай асантай холбоотой 16 гэмт хэргийн шинжтэй үйлдлийг мөрдөн шалгаж байна.

Хэрвээ прокуроруудын хүсэлтийг шүүх зөвшөөрвөл тэр Өмнөд Солонгосын түүхэнд баривчлагдсан анхны тэргүүн хатагтай асан болох юм.

Түүний нөхөр, ерөнхийлөгч асан Юн Сүк Ёл долдугаар сарын 10-наас хойш хоригдож байгаа.

Прокурорууд өнгөрсөн Баасан гарагт түүнийг байцаахаар авч явах гээд чадаагүй юм. Юн Сүк Ёл дотуур хувцастайгаа хоригдож буй өрөөнийхөө шалан дээр хэвтэж эсэргүүцэл үзүүлсэн тул прокурорууд хэд хэдэн удаа авч явах гэж оролдоод биед нь гэмтэл учруулах эрсдэлтэй гэсэн үндэслэлээр хоосон буцсан байна.

Өчигдөр буюу Пүрэв гарагт хоёр дахь удаагаа оролдоод мөн хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн тул бүтэлгүйтжээ.

“Солонгосын түүхэнд саатуулагдсан сэжигтнийг баривчлах захирамжийг биелүүлэх боломжгүй болсон анхны тохиолдол энэ болж байна” гэж прокуроруудын нэг ярьсан байна.

Хоёр дахь оролдлого бүтэлгүйтсэний дараа прокурорын тусгай багийн ахлагч шаардлагатай бол хүч хэрэглэхийг анхааруулжээ.

 

Эх сурвалж: Korea Times