Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Украины халдлагын дараа шатаж буй байгууламжийн дүрс бичлэгийг цацсан Оросын дотоодын жуулчин эмэгтэй шийтгүүлжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Краснодар мужийн шүүх Украины дроны халдлагын дараа Сочи хотын ойролцоо шатсан газрын тосны байгууламжийн дүрс бичлэгийг цацсан эмэгтэйг 30,000 рублиэр ($376) торгох шийдвэрийг өчигдөр буюу Даваа гарагт гаргажээ.

Уг дүрс бичлэгт хоёр эмэгтэй, нэг залуу шатаж буй байгууламжийн өмнө зогсоод хөгжмийн аянд тааруулан амаа хөдөлгөж байсан юм.

Газрын тосны нөөцийн байгууламж Бямбаас Ням гарагт шилжих шөнө Украины нисгэгчгүй онгоцны халдлагад өртөж шатсан бөгөөд галыг 11 цагийн дараа унтраасныг Краснодарын захирагч мэдээлж байв.

Дүрс бичлэгийг цацсан гурван хүн камерын өмнө уучлал гуйж байгааг харуулсан өөр нэг бичлэгийг Ням гарагийн орой хуулийн байгууллага сошиал хуудсаараа үзүүлжээ.

Бичлэгийг үйлдэж, олон нийтэд цацсан 20 настай Карина Ощуркова хэмээх эмэгтэй онц байдлын дэглэмийн хуулийг зөрчсөн үндэслэлээр торгуулсан байна.

Энэ торгуулийн дээд хэмжээ 50,000 рубль байдаг.

“Ощуркова согтуу байх үедээ бодлогогүй үйлдэл гаргаснаа шүүхийн өмнө хүлээсэн” гэж Краснодар мужийн шүүх Телеграм хуудсаараа мэдээлжээ.

Ощуркова болон түүний 19 настай эмэгтэй, 21 настай эрэгтэй найз нар Сочи хотоос зүүн хойд зүгт 2,300 орчим километр зайд оршдог Нижний Тагил хотоос ирсэн жуулчид байсан юм байна.

ОХУ-ын 12 бүс нутаг Украины агаарын довтолгоог дүрсжүүлж, баримтжуулахыг хориглож, зөрчсөн тохиолдолд торгодог журамтай болоод байгаа.

Украины арми Сочи хотын Олон Улсын Нисэх Буудлыг түлшээр хангадаг байгууламжид амжилттай довтолсноо Даваа гарагийн үдээс хойш хүлээн зөвшөөрсөн юм.

 

Эх сурвалж: The Moscow Times