Өчигдөр буюу Даваа гарагт Япон улсын 17 газар нутагт урьд өмнө тохиолдож байгаагүй өндөр агаарын халалт бүртгэгдсэнийг тус улсын цаг уурын алба мэдээлжээ.
Хүмүүсийн үйл ажиллагааны нөлөөгөөр дэлхийн уур амьсгал өөрчлөгдөж, агаарын халалт жилээс жилд улам эрчимжиж байгаа гэж судлаачид үздэг. Энэ өөрчлөлт Япон улсыг ч тойрч гараагүй юм.
Даваа гарагт Ишикава мужийн Комацү хотод агаарын температур Цельсийн 40.3 хэм хүрсэн нь түүхэн дээд халалт болжээ.
Тояама мужийн Тояама хотод мөн түүхэн халалтын дээд хэмжээ эвдэгдэж, агаарын температур Цельсийн 39.8 хэм хүрсэн байна.
Япон даяар өөр 15 хот, суурин газарт энэ өдөр агаарын температур Цельсийн 35.7 хэмээс 39.8 хэмийн хооронд өсөж, урьд өмнө үзэгдээгүй их халуун болсныг Японы Цаг Уурын Агентлаг (JMA) мэдээлжээ.
Тус агентлаг Япон даяар байрлуулсан 900 гаруй станцаар дамжуулан агаарын температурыг байнга хянадаг юм.
Долдугаар сарын 30-ны өдөр баруун бүсийн Хиого мужид агаарын температур Цельсийн 41.2 хэм хүрсэн нь Япон улсын хэмжээний түүхэн дээд халалт болсон юм.
Тус улсын баруун бүс нутагт борооны улирал жилийн дунджаас гурван долоо хоног орчмын өмнө дууссан нь бас нэг түүхэн дээд үзүүлэлт болжээ.
Хур тунадас татарч, халалт нэмэгдсэн нь хөдөө аж ахуйн салбарт хүндээр тусаж, ургац алдах эрсдэлийг өсгөж байна.
Интоорын модод ердийнхөөсөө эрт цэцэглэдэг болсон бөгөөд зарим тохиолдол гүйцэд цэцэглэж чадахгүй байгаа нь намар, өвлийн улирал хангалттай хүйтрэхээ больсонтой холбоотой гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа.
Өнгөрсөн онд Японы хамгийн өндөр уул Фүжи цасан малгайгаа өмсөлгүй хамгийн их удсан нь бас түүхэнд байгаагүй үзэгдэл болж байв.
Энэ уулын оргил дунджаар жил бүрийн аравдугаар сарын эхээр цасанд хучигддаг бол өнгөрсөн онд арваннэгдүгээр сарын эхэн үе хүртэл цасгүй байсан юм.
Цаг агаарын хэмжилт эхэлсэн 1898 оноос хойших хугацааны хамгийн халуун зургаа болон долдугаар сар энэ онд тохиогоод байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!