Сингапур улсад долдугаар сарын 11-нээс наймдугаар сарын 3-ныг дуустал үргэлжилсэн усан спортын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д манай улсын найман тамирчин оролцсон билээ.
Зургаан спортын төрлөөр 77 багц медалийн төлөө 203 үндэсний олимпын хорооны 2,500 гаруй тамирчин оролцсон 22 дахь удаагийн тэмцээнийг анх ОХУ-ын Казань хот зохион байгуулах эрх авсан ч дайны улмаас уг эрхийг нь Сингапурт шилжүүлсэн юм.
Манай улсаас найман тамирчин энэ удаагийн ДАШТ-д хурд сорилоо. Тодруулбал усанд сэлэлтийн төрлөөр эрэгтэйчүүдийн ангилалд Б.Энхтамир, Э.Эрхэс, эмэгтэйчүүдийн ангилалд Б.Энххүслэн, Э.Ариунтамир, задгай талбайн усанд сэлэлтийн төрөлд А.Алтаннар, Г.Сугар, Г.Майдар, Т.Анунгоо нар холимог багийн төрөлд уралдав.
Задгай талбайн холимог багийн усанд сэлэлтийн төрөлд манай тамирчид 1:31:48.7 цагаар уралдаанаа өндөрлүүлж, 23 багаас 22-т жагслаа.
Энэ төрөлд Германы баг 1:09:13.3 цагаар тэргүүлсэн бол Итали мөнгө, Унгарын баг хүрэл медаль зүүв.
Усанд сэлэлтийн эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтэд Б.Энхтамир 50.84 секундэд зайгаа дуусгаснаар нийлбэр дүнгээр 113 тамирчнаас 52 дугаар байранд оржээ.
Тэрбээр 200 метрийн ангилалд 1:50.83 минутаар 60 тамирчнаас 41 дүгээр байранд бичигдсэн байна.
Харин араар даллах төрөлд 100, 200 метрт уралдсан Э.Эрхэс улсын улсын дээд амжилт шинэчлэв. 100 метрийн ангилалд 25.76 секундээр 43, 200 метрийн ангилалд 57.25 секундээр 52 дугаар байранд орохдоо улсын рекорд тогтоожээ.
Эмэгтэйчүүдийн чөлөөт сэлэлтийн 200, 400 метрийн ангилалд уралдсан Б.Энххүслэн 2:01.14 минутаар 30, 4:19.80 минутаар 25 дугаар байранд оров.
Мөн араар даллах уралдаанд Э.Ариунтамир 50 метрийн зайд 30.93 секундээр 47, 100 метрийн зайд 1:07.53 минутаар 50 дугаар байранд бичигдсэн байна.
Энэ удаагийн усан спортын ДАШТ-д БНХАУ-ын баг 15 алт, 12 мөнгө, 10 хүрэл медалиар тэргүүлсэн бол Австрали 13 алт, долоон мөнгө, найман хүрэл, АНУ 10 алт, 11 мөнгө, 11 хүрэл медаль хүртлээ. 20 улс алтан медаль зүүсэн бол 29 улс ямар нэгэн медаль зүүв.
Дараагийн усан спортын ДАШТ 2027 онд Унгарын нийслэл Будапешт хотноо болох юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!