Ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг өнөөдөр Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам (АҮЭБЯ)-ны хурлын танхимд эхэллээ.
Өнөөдөр таван яам буюу Аж үйлдвэр, эрдэс баялаг, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалт, Зам тээвэр, Эрчим хүч, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны нээлттэй хэлэлцүүлэг болж буй юм.
Хэлэлцүүлэг АҮЭБЯ-ны төсвийн талаар эхэлсэн.
Уг хэлэлцүүлэгт оролцогчдоос "Сая танилцуулсан төсвийн төслийг харж байхад газрын тосны экспортын орлого 100 гаруй тонноор багасаж байгаа юм байна. Үүнээс болоод танай яамны орлого бас буурч байна гэж ойлголоо. Энэ тал дээр яамны зүгээс ямар тайлбар хийх вэ?
Мөн гаднын хөрөнгө оруулагч татах гэж ярьж байгаа нь зөв боловч үндэснийхээ хөрөнгө оруулагчдыг огт дэмжихгүй байна. Төр засгаас лиценз өгчхөөд уурлаж бухимдсан ард түмний өөдөөс үндэсний хөрөнгө оруулагчдаа тавьчихдаг. Нэгэнт зөвшөөрөл олгосон бол Засгийн газраас үндэстнийхээ хөрөнгө оруулагчдыг дэмжих бодлого хэрэгтэй байна. Монгол компани нь дампуурахаар гаднын хөрөнгө оруулагчдыг оруулж ирдэг жишиг тогтлоо" гэв.
Түүний асуултад Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай "2025 оны төсөв дээр нийт 580 мянган тонн газрын тос экспортлохоор төлөвлөсөн. Одоогийн байдлаар 290 мянган тонныг олборлосон байна.
Аж ахуйн нэгжүүдийн олборлолтын бодит тооцоо дээр суурилаад 480 мянган тонн буюу 100 орчим тонноор буурах байх гэж таамаглаж байна. Учир нь энэ салбарын олборлолт нь тогтмол хөрөнгө оруулагч шаардлагатай. Гол олборлолт явуулж буй компаниудтай бүтээгдэхүүн гаргах тал дээр маргаантай асуудал бий. Үүнтэй холбоотойгоор татвар, аудит, нийгмийн даатгалын газраас олон төрлийн төлбөрүүд тавигдсан. Үүний улмаас эргэлзээтэй байдал үүсэж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж чадахгүй байна" гэж хариулав.
Мөн АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гаргаад зөвшөөрөл өгдөг. Орон нутгийн юм уу холбогдох байгууллагаас болоод өөрчлөгддөг байдлаас болж хөрөнгө оруулагчид буурч байна. Ирэх есдүгээр сард зохион байгуулагдах Уул уурхайн салбарын долоо хоногоор бид энэ чиглэлээр арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа.
Гэхдээ хамгийн том асуудал нь олон нийт, иргэдийн зүгээс хайгуул, судалгааны ажлыг буруу ойлголттой байдгаас болоод энэ салбарын ажил урагшилдаггүй. Канад, Австрали зэрэг уул уурхай хөгжсөн улс орнуудад ч гэсэн иргэдийн зүгээс эсэргүүцэл тодорхой хэмжээнд байдаг.
Бидний зүгээс хоёр, гурван жилийн өмнөөс иргэдэд хайгуул, судалгааныхаа ажлыг танилцуулах, хоёр талын байр суурийг тодорхойлох зэргээр ойлголцолд хүрч байж энэ төслүүдээ хэрэгжүүлнэ. Хөрөнгө оруулалтын тухай хууль, ашигт малтмалын тухай хууль зэрэг орчин нөхцөлийг нь сайжруулах шаардлагатай.
Газрын тосны боловсруулах үйлдвэр 2028 оны эхний улиралд ашиглалтад орно гэсэн мэдээлэлтэй байна" гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!