Google компанид өндөр нарийвчлалтай газрын зураг шилжүүлж өгөх эсэх асуудлыг Өмнөд Солонгос, АНУ-ын ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалтын дараа шийдвэрлэж магадгүй байгааг Сөүлийн албаны эх сурвалж Ням гарагт мэдээлжээ.
Энэ оны хоёрдугаар сард Google компани 1:5,000 нарийвчлалтай газрын зургийн өгөгдлийг Maps үйлчилгээндээ ашиглах хүсэлтийг Өмнөд Солонгосын Үндэсний Газар Зүйн Мэдээллийн Хүрээлэнд гаргаж байв.
Өмнөд Солонгосын тал ийм хүсэлтэд 60 хоногийн дотор хариу өгөх, эсвэл хугацааг дахин 60 хоногоор сунгах үүргийг хуулиараа хүлээсэн байдаг.
Сунгасан хугацаа наймдугаар сарын 11-нд дуусах юм байна.
“Хэдийгээр хариу өгөх хуулийн хугацаа дуусаж байгаа ч цааш сунгагдах магадлал өндөр байна. Үүнийг БНСУ-АНУ-ын дээд хэмжээний уулзалтаас өмнө шийдвэл бусад хэлэлцэх асуудалд нөлөөлж магадгүй байгаа” гэж эх сурвалж тайлбарлажээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюн нар хоёр долоо хоногийн дотор Цагаан ордонд уулзах төлөвлөгөөтэй байгааг талууд өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм.
Одоо дээд хэмжээний уулзалтын товыг Вашингтон, Сөүлийн албаныхан тохиролцохоор ажиллаж байгаа.
Умард Солонгостой дайны байдалд байдаг Өмнөд Солонгосын хувьд өндөр нарийвчлалтай газрын зургийг нийтийн хэрэгцээнд ил болгохоос болгоомжилдог. Үүнийг үндэсний аюулгүй байдал, дижитал технологийн хараат бус байдал зэрэг шалтгаантай холбон тайлбарладаг юм.
Харин АНУ-ын тал үүнийг хоёр улсын худалдааны харилцаанд байдаг тарифын бус саад тотгор гэж үздэг.
Гэхдээ өнгөрсөн долоо хоногт хоёр улс худалдааны гэрээгээ шинэчлэн байгуулахдаа газрын зургийн асуудлыг хөндөөгүй юм.
Одоогоор Google компани Maps үйлчилгээндээ Өмнөд Солонгосын 1:25,000 масштабтай буюу бага нарийвчлалтай газрын зургийн өгөгдлийг ашигладаг. Энэ нь бусад улс орнуудынхтай харьцуулахад нэлээд чанар муутай гэсэн үг.
Google өмнө нь 2007, 2016 онуудад ийм хүсэлт гаргаж байсан ч цэргийн баазууд болон бусад чухал байгууламжуудын мэдээлэл алдагдаж болзошгүй гэсэн үндэслэлээр Өмнөд Солонгосын засгийн газар татгалзаж байжээ.
2016 оны хүсэлтэд нь дээр дурдсан чухал байгууламжуудын дүрслэлийг бүдгэрүүлэх, эсвэл дотоодын сервер дээр байршуулах саналыг Сөүлийн талаас тавьсан ч Google хүлээж аваагүй гэдэг.
Харин энэ удаа Google компани дээрх шаардлагыг хүлээж авахад бэлэн байгаа юм байна.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!