2017 онд гэр бүлийн цугларалтын үеэр хунтайж Эндрютэй маргалдаж, улмаар зодолдсон гэх баримтыг хунтайж Харригийн бие төлөөлөгч няцаажээ.
Бямба гарагт “Daily Mail” сэтгүүлд Чарльз хааны дүү буюу Харригийн авга ах Эндрюгийн намтар “Йоркийн ордны өсөлт ба уналт” нэртэйгээр нийтлэгдсэн юм.
Зохиолч Эндрю Лоуни энэ намтарт хоёр хунтайжийн хооронд болсон зодооны талаар бичсэн байна.
“Ард хударгаар нь ярьсан зүйлтэй холбоотой маргааны улмаас Харри түүний биед халдаж, хамраас нь цус гаргасан. Уг зодоонд Харри бүх талаар илүү байсан” гэж зохиолч бичжээ.
Эндрю энэ үеэр Харригийн найз бүсгүй, одоо гүнгийн ахайтан болсон Меган Марклыг элдвээр муулж, сүй тавихаасаа өмнө өмнөх амьдралыг нь шалгаж нягтлаагүй гэж зээгээ шүүмжилж байсан гэнэ.
Бямба гарагийн орой Харри, Меган нарын бие төлөөлөгч дээрх баримтыг няцаасан мэдэгдэл гаргажээ.
“Хунтайж Харри, хунтайж Эндрю хоёр хэзээ ч гар зөрүүлж байгаагүй, мөн хунтайж Эндрю хунтайж Харрид ахайтантай холбоотой ямар ч сөрөг зүйл ярьж байгаагүйг би баталж байна” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.
Мөн Харри, Меган нар нийтлэгдсэн зүйлтэй холбоотой гомдлыг “Daily Mail” сэтгүүлийн захиргаанд гаргаснаа мэдээлжээ.
Нэр нөлөө бүхий хүмүүст залуу охидыг зуучилдаг байсан Америкийн санхүүч агсан Жеффри Эпштейний найз байсан нь 2019 онд илэрсний дараа хунтайж Эндрюгийн нэр хүнд асар их унасан юм.
Эпштейн бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн гэмт хэрэгт шалгагдаж байхдаа 2019 онд Нью-Йоркийн шоронд амиа хорлосон.
Британийн хааны гэр бүлийн нэр хүндийг сэвтээсэн Эндрю 2021 онд язгууртны бүх хэргэм зэргээ хураалгаж байв.
Дээрх намтарт Харригаас гадна түүний ах, угсаа залгамжлах хунтайж Уиллям олон жилийн турш Эндрютэй асуудалтай харилцаатай байсан, Эндрю түүний гэргий Уэльсийн гүнгийн ахайтан Катринтай ч бас муухай харилцдаг байсан тухай бичжээ.
Хэдийгээр язгууртны хэргэмгүй болсон ч Чарльз хаан төрсөн дүүдээ өөрийн эзэмшлийн Уиндсорын ордны нэг хэсэгт амьдрахыг зөвшөөрсөн юм.
Гэхдээ өнгөрсөн онд хаан Эндрюгийн жил бүр төсвөөс нь хүртдэг байсан нэг сая фунт стерлингийн хангамжийг цуцалж байв.
Хунтайж Харри гэргийтэй нь арьс өнгөний үзлээр ханддаг гэсэн шалтгаанаар 2020 онд Британийн язгууртны гэр бүлээс гарч, эхлээд Канадад, сүүлд АНУ-д шилжин суурьшсан юм.
Тэр 2022 онд нийтлэгдсэн “Spare” дурсамж номдоо өөрийн аав, ахтай ямар хэцүү харилцаатай байдаг талаараа дэлгэрэнгүй бичсэн байдаг.
Энэ оны эхээр тэр BBC сувагт өгсөн ярилцлагадаа гэр бүлээ уучилсан, “эвлэрэх хүсэлтэй” явдгаа ярьж байв.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!